Яагаад ч юм уран бүтээлчид өөрийнхөө үхлээ зөгнөчихдөг эсвэл үүнийгээ мэдэрдэг. Түүний хамгийн сүүлд хийсэн уран бүтээл бол гуравхан сарын өмнө нээлтээ хийсэн Н.Толстойн  “Адууны түүх”. Бие нь эрс дордчихсон үедээ тэр "Адууны түүх" жүжгийг Азид анх удаа тавьсан юм. Таван жил тархиндаа “чанаж”, “шатааж” яваад тайзнаа амилуулсан нь энэ. Хэр баргийн найруулагч зориглож авдаггүй энэ бүтээл түүний жинхэнэ эмзэглэл нь байж.  Эрүүл мэндээс чинь илүү уран бүтээл гэж байдаг юм уу гэж эмчийгээ загнахад “Байдаг юм” гээд тас зөрүүдэлсээр ард нь гарчээ. Харамсалтай нь хамгийн сүүлчийн удаа… Тайзан дээрээ ч гарч чадахгүй, өвчиндөө ядарч илт дордсон ч таягаа тулчихсан бас түшүүлчихсэн сүүлчийн удаа хэлсэн үг нь “Өтлөе гэж өтөлсөнгүй, өнгөт ертөнцийн жамаар өтөллөө. Энэ үг надад  тохирох үгүйг би сайн мэдэхгүй. Залуус нь хөгшчүүдээ хайрлаарай, хөгшчүүд нь залуу явсанаа битгий мартаарай”  гээд түшүүлэн байж эцсийн удаа хайртай тайзан дээрээ ёсолсон юм. Энэ үгийг хэлсэн  Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагч өдгөө бидний дунд алга. Тэр орчлонгоос буцахдаа Монголын театрын урлагийн түүхэнд нэг шинэ хуудас нээгээд явчихлаа. 


“Адууны түүх” жүжгийн сургуулилт болж байж л дээ. М.Түвшинхүү жүжигчин найруулагчаасаа чөлөө авах  гэтэл “Өндөрөө, муу гөлөг минь. Энэ миний финал ш дээ” гээд нухацтайхан харжээ. Түвшинхүү жүжигчин тэр агшныг  “Яагаад ч юм дотор зураад л явчихсан, тэгээд эргэж очоод олон улсын багтай хамтарч ажиллах саналаасаа шууд татгалзсан” хэмээн дурсав. 


Өчигдөр Б.Баатар найруулагчийн жүжгүүдээ амилуулж байсан Драмын театраар орлоо. Улаан хамбан хөшиг урьдын адил цог жавхаатай нээгдэж уран бүтээлчид “Би эндээс явахгүй” жүжгээ тоглож байна. Театрынхны хувьд инээд, хөөр, өнгө өнгийн цэцэгтэй хэрнээ нэг л гунигтай саарал үдэш. Баатар найруулагчийн тавьсан  “Цахлай” жүжигт Анна Аркадина “...Хуучин цагт театрт сүглэгэр сүглэгэр царс моднууд байж дээ, харин одоо хэдэн хожуул үлдэж” гэж гуниглангуй хэлдэг дээ. Б.Баатар найруулагч өөрөө театрын сүрлэг царснуудын нэг гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Монголын драмын урлагт үндсээ бат суулгачихаад тэнгэр зүг одсон сүрдмээр, халгамаар хэрнээ цаанаа л нэг нөмөртэй бараатай  царс. Тийм болохоор театрын жүжигтэй хөөртэй үдшээс цаанаа л нэг саарал өнгө мэдрэгдсэн юм. 


Тэр хэдэр ааштай, хэтэрхий бардам, өөрийнхөөрөө. Бялхсан авъяастай түүндээ ч эрддэг. Хэний ч хажууд хэлэх үгээ хэлчихдэг, бүр дургүйгээ хүрвэл нударга зөрүүлчихдэг тийм л эр хүн.


Б.Баатар найруулагч Киев дэх театр урлагийн дээд сургуулийг найруулагчийн мэргэжлээр дүүргэж байж  Адал явдалтай, адармаатай түүхтэйгээр сургуулиа төгсгөсөн гэдэг. Ангийнх нь нэг удаагийн оюутны ажлыг Украины соёлын сайд үзэж л дээ. Тэдний дундаас мань эрийн ажил, “гажиг сэтгэлгээ” сайдын анхаарлыг  татаад өнгөрч. Өнөө сайд санамсаргүй тохиолдлоор жилийн дараа эргэж ирээд “Монгол хаачив” гэж  сураглажээ. Гэтэл тэр үед мань эр хүн зодсон хэргээр сургуулиа хөөгдчихсөн байж таарч. Соёлын сайд хатагтай   “Характергүй найруулагч гэж хаана байдаг юм. Тэр залууг олж ир” гэсэн лүндэн буулгаатхаж. Ингээд лсургууль даяараа хаа холын Монголыг хайж, Соёлын яам руу утас цохиж эрэл сурал болжээ. Тэнд тэгж бужигнаж байхад сургуулиасаа хөөгдсөн залуу энд кино үйлдвэрт гэрэлтүүлэгч хийчихсэн инээгээд зогсч байсан гэдэг.  Баатар гэж характертай залуу хөөгдсөн сургуулиасаа урилга авч эргээд Киевийг зорьсон содон түүхийг Түвшинхүү жүжигчнээс сонслоо. Хожим найзууд нь “Хүн зодохдоо жижиг гаруудтай орооцолдохгүй. Хамгийн том биетэй, хар товариштэй барьцалдаад авдаг сайхан гар шүү” хэмээн инээлдэж суусныг  нь миний бие сонссон удаатай.


Сургуулиа төгсөөд В.Ёжовын “Гургалдайн дуут шөнө” жүжгээр найруулагчийн ажлаа эхлүүлжээ. Түүнээс хойш театрын нэрийн хуудас болсон Ш.Гүрбазарын “Сэрүүн зүүд”, Б.Лхагвасүрэнгийн  “Хүйтэн сэнтий”, Д.Мэндсайханы “Ээжээ”, А.П.Чеховын “Цахлай”, В.Н.Гоголийн “Амьгүй албат”, М.Сервантесийн “Кихот ноён”, Л.Н.Толстойн “Адууны түүх” зэрэг дэлхийн болон Монголын сонгодогуудыг амилуулж эдүгээ цагийн тайзны урлагт өөрийгөө батлан харуулсан юм.


Тэр хүсэл зоригоороо, зан араншингаараа амьдралын тойрог, хүрээлэлээ бий болгосон нэгэн. Харин тэр хүрээлэлд нь долигнуур, нялгануур нөхдүүд халдаж чаддаггүй. Драмын театрынхан төдийгүй урлагийнхан найруулагчийн энэ занг андахгүй. Тийм ч учраас түүнтэй нүцгэн үнэнээрээ л тулахаас өөр арга сонголтгүй.  Дүр эсгэгчид түүнд халдаад ирэхээр  тэр шууд гараараа түлхчихдэг эсвэл хурц үгээрээ "идчихнэ". Магадгүй тэр хуурамч, өөрийн гэсэн дүргүй “жүжигчдийг”  үнэрээр нь таньдаг байсан бизээ. Театрын жүжигчид энэ зангаас нь айдаг ч, биширдэг ч, хүндэлдэг ч байж. Учирлаж нялганаад байхгүй, хатуу бөгөөд яг голыг нь олсон үгээрээ тэр өнөөгийн драмын театрын нүүр царай болсон уран бүтээлчдийг "төрүүлсэн" гэхэд хэтрүүлсэн магтаал болохгүй.


Тэр адайр ааштай ч өөрийнх нь хэлдгээр гайхамшигтай уран бүтээл үзэхээрээ хачин их хөөрч, ааш нь зөөлөрдөг нөхөр. Ч.Түвшин найруулагчийн тавьсан У.Шекспирийн  “Зуны шөнийн зүүд” жүжгийг үзэж байсныг нь мартдаггүй юм. Жүжиг дууслаа, хамгийн түрүүн мань хүн алгаа ташиж байснаа, тайз руу зүглэлээ. Гэтэл тэр үзэгчдийн бас жүжигчдийн нүдэн дээр гэнэт л алга болчихдог байгаа. Тайзны өмнөх яам руу уначихаж л дээ. Сандарсан жүжигчид гүйлдэн очиход тэр яг таяг тулчихсан поозоороо “Зүгээр ээ,  зүгээр. Энд жаахан баймаар байна” гээд зогсч байсан гэдэг.  Тэр хэсэгхэн хугацаанд доор юу болдгийг мэдэх гэсэн үү, үзэгчдийн алга ташилт, уран бүтээлчид хоёрын тэр мэдрэмжийг тэнд ажих гэсэн үү, өөрийгөө хөндлөнгөөс харсан уу бүү мэд. Ёстой найруулагчийн л араншин, мэдрэмж  байх.


Баатар найруулагч “Урлаг, гоо сайхны хэмжүүр нь өөрөө гайхалтай, гутамшигтай, сайхан муухай.  Тийм учраас таашаал ярихгүй, ном л ярина” гэж адардаг байж.  “Би хүний оюун тархинд юм хийж байж л санаа амардаг.  Энэ үүргээ биелүүлж чадаагүй бол гоё жүжиг болжээ гэдэг үг миний хувьд гутамшиг, зүгээр л таашаал” гэж ярьсныг нь тод санаж байна.  


...Тэр үргэлж таягтай байгаагүй. Монголын үндэсний радио телевизэд ажиллаж байхдаа өнөө авьяастны авираа гаргаж л дээ. Гэтэл тухайн үед радио телевизийг хамгаалдаг байсан Дотоодын хамгаалахын цэргүүд шатаар чирч буулгахдаа түнхийг нь гэмтээж доголон болоход хүргэсэн гэдэг. Гэтэл “аашны тулам” Б.Баатар найруулагч уурлах нь битгий хэл өмнөөс нь бухимдсан найзууддаа “Миний буруу ш дээ дуракуудаа, тэд нар ажлаа л хийсэн” гээд зогсч байж. Баатар гэж хэн бэ гэдгийг харуулсан энгийн хэрнээ хачин тод дүрслэлтэй, инээд, ухаарал, нулимстай зөндөө дурсамж сонслоо, Драмын театрынхнаас. Тэд одоо ч Баатар найруулагчийнхаа тухай ийм дотно дулаахан, хөнгөн шоглолтой дурсамж өрнүүлж суугаа байх.


Б.Баатар найруулагчийн талаарх уран бүтээлчдийн сэтгэгдлийг хүргэе. 

УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин: Дэлхийн хэмжээний сэтгэгчийн нэг байсан


Б.Баатар найруулагчтай СУИС-ийн жүжигчин найруулагчийн элсэлтийн шалгалт дээр анх тааралдсан. Миний этюдыг хүлээн зөвшөөрөлгүй, намайг унагаж байсан түүхтэй. Миний бодлоор урлагийн тэр тусмаа найруулагч нарын дэлхийн хэмжээний боловсролтой сэтгэгч нар байх ёстой. Харин тэр зиндааг тэргүүлэгч нь байлаа. Драмын урлагийн найруулагч нар цөөрсөн энэ үед би найруулагч гэсэн маш олон хүн бий. Харин яг ачаа даах тэнхээтэй, цагийг мэдрэх чадвартай, үзэгчдийн төдийгүй уран бүтээлчдийн оюуны хөтөч байх чадалтай түүн шиг найруулагч ховордсон. Энэ хүнд үед бид том баганаа алдлаа. Түүний уран бүтээлч идеал нь “Театрыг бүтэн байлгах”. Энэ бол театрт нь ямар ч хүмүүс байж болно харин энэ хүмүүсийн нэгдсэн ойлголт театрын эрх ашгийн төлөө нэгдсэн үзүүртэй байх ёстой. Тэгж байж театр бүтэн харагдана. Заавал бүгд марзагнасан тоглолттой байх албагүй. Зарим нь ухааны, нөгөө нь уянгын, хурц араншин тоглолттой байж болно. Энэ бүхэн нийлж байж л театрт бүтэн байна гэдэг байсан. Бид хоёр хэсэг Ташкентад цуг амьдарч үзлээ. Олон ч уран бүтээл дээр ажилласан. Хэнхэглээд театрын урлаг гэхээсээ илүү хувь хүний хувьд өмөг түшиг болсон ахыгаа алдлаа. Нийтэд ааштай хүн боловч дотроо өрөвч, зөөлөн хүн дээ.

УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү: Би энэ хүнгүйгээр өөрийгөө төсөөлдөггүй

Би СУИС-иас долоон удаа хөөгдсөн. Тэр үед найз ах нар маань үндэсний телевизэд ажиллах санал тавьсан. Тэнд л би Б.Баатар найруулагчтай нүүр тулж байлаа. Анх уулзахад онгироо, бардам, хөдөлгөөнтэй хүн л санагдсан. Гэхдээ л татагдсан, нөхөрлөсөн. Ингээд “Хүннү” теле жүжгийг тавихад намайг гол дүрдээ тоглуулсан. Энэ бүтээл маань тухайн жилийнхээ “Гоо марал” шагналыг авч байлаа. Түүнээс хойш бид хоёр олон уран бүтээл дээр хамтарч ажилласан. Ер нь би энэ хүнгүйгээр өөрийгөө төсөөлдөггүй. Бид хоёр 20 гаруй жил хамт ажиллаж ах дүүс болж явлаа. Магадгүй энэ хүн байгаагүй бол М.Түвшинхүү гэдэг хүнд драмын урлагт байхгүй л байсан гэж би боддог. Намайг дандаа “Анатомийн гажиг”, “Өндөрөө” гэж дууддаг. Ер нь бол үргэлж хатуу, орой руу орсон, заримдоо доромжилж байгаа ч юм шиг үг шидээстэй. Үгийг дайруулж шоглож хэлнэ, Би гурван жүжигт найруулсан. Мэдээж энэ хүний хэлсэн үг,өгсөн эрдэм, ач тусаар шүү дээ. “Нохойн сүрэг” жүжгээ энэ хүнээр хянуулаад зөндөө магтуулсан. Энэ хүнээр магтуулах сонин юм билээ. Бараг магтуулахгүй хатуу үгийг нь сонсох нь илүү сайхан юм шиг санагддаг. Б.Баатар ахын тухай сонсоод хүнд байлаа, зөндөө уйллаа. Монголын театр тулах багана хазайлаа.

УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан:Одоо бид хэнээс айх юм бэ...


"Ану хатан", "Эдит Пиаф" гээд зөндөө уран бүтээлтэй хамтарч ажилласан. Б.Баатар найруулагч миний амьдралд тод мөрөө үлдээсэн, уран бүтээлийн минь эцэг л гэсэн үг. Моно жүжигт хөл тавьж, "Эдит Пиаф" жүжгээрээ олон улсын уралдаанаас гран при шагналыг авч, олон улс орноор аялсан минь энэ хүний л ач. Хамгийн шударга зөвлөгч, дэмжигч, урам хайрлагч минь байжээ.

Б.Баатар найруулагч хэнд ч тал засдаггүй шударга үнэнч, хэнийг ч ялгаварладаггүй нарийн ур ухаантай, үнэн байгаа хүнийг дээдэлж хайрладаг онцгой содон хүн байлаа. Худлаа зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй. Амьдрал ажил дээрээ яг л өөрийнхөөрөө маш хурц хараатай. Жүжигчдийн хооронд болсон зүйл, нэгэнд нь тохиолдсон зүйлийг тэр дороо мэдэрдэг, уншдаг хүн. Найруулагч маань явчихлаа. Одоо бид цаашид хэндээ загнуулах вэ, тэр үнэн үгийг хэнээсээ сонсох вэ гэхээс шимширч өнчирсөн юм шиг санагдаж байна.