ШУТИС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш Г.Мөнх-Эрдэнэ академич С.Чулууныг  оюуны хулгай хийж, судлаачийн ёс зүйг уландаа гишгэн байж академич хэмээх цолыг авсан гэсэн нь эрдэмтдийн дунд шуугиан тариад байна. Түүнээс гадна Монголын түүх, хэл, соёл судлаач эрдэмтдийн төлөөлөл ч нэгдэн уг асуудлаар төрийн гурван өндөрлөгт хандаад буй. 

Энэ талаар ШУТИС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш Г.Мөнх-Эрдэнээс болон ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич С.Чулуунаас тодруулга авсан юм.

Уншигч та өөрийнхөөрөө тунгаах буй за.


Г.Мөнх-Эрдэнэ: С.ЧУЛУУНЫ ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ГАДААД ЕРТӨНЦӨД МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААН, СУДЛААЧДЫН НЭР ХҮНД СЭВТЭХ ЁСГҮЙ

-Та яг ямар шалтгаан, эх сурвалжаар академич С.Чулууныг оюуны хулгай хийсэн гэж үзэж байна вэ?

-ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захиралын үүрэг гүйцэтгэгч, Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол судлал хариуцсан орон тооны бус зөвлөх С.Чулуун нь 2018 оны 12 дугаар сард ШУА-ийн академич хэргэмд нэр дэвшихдээ, шалгаруулах комисст тараасан албан ёсны намтар бүтээлийн жагсаалтдаа бусдын болон хамтран бичсэн бүтээлийг дан ганц өөрийн бүтээл  болгон бичиж зохиогчийн эрхийг зөрчсөн. 

Нийгмийн ухааны салбарт академич хэргэм хүртэх гол шалгууруудын нэг нь дотоод, гадаадын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл, нэгэн сэдэвт бүтээл байдаг. Тиймээс С.Чулуун дотоод гадаадад хэвлүүлсэн нэгэн сэдэвт бүтээлийнхээ тоог нэмэгдүүлж, академич хэргэм хүртэхийн тулд зориуд бусдын бүтээлийг өөрийн болгож бүтээлийн жагсаалтдаа оруулсан гэж үзэж байна. Жишээ нь:

  • Судлаачдын өгүүллийг эмхэтгэснээ нэгэн сэдэвт бүтээл болгож бичсэн.
  • Хурлын илтгэлүүдийг эмхэтгэснээ нэгэн сэдэвт бүтээл болгож бичсэн.
  • Редакторласан бүтээлээ нэгэн сэдэвт бүтээлийн жагсаалтдаа оруулсан.
  • Архивын баримтын бусадтай хамтран эмхэтгэснээ нэгэн сэдэвт бүтээлийн жагсаалтдаа оруулсан.
  • Зургийн каталоги эмхэтгэн хэвлүүлснээ нэгэн сэдэвт бүтээлийн жагсаалтдаа оруулсан. 
  • Бусад эрдэмтэн судлаачидтай хамтарч эмхэтгэсэн номоо нэгэн сэдэвт бүтээлийн жагсаалтдаа оруулсан 
  • Хамтран ном бичсэн хүмүүсийн нэрсийг зориуд дарагдуулж, зөвхөн дан ганцаар өөрийн бичсэн болгон бүтээлийн жагсаалтдаа оруулсан.
  • С.Чулууны бүтээлийн жагсаалтын 5 дугаарт байгаа түүх судлаачдын гарын авлага болсон Л.Дэндэвийн “Монголчуудын товч түүх”-ийг монгол бичгээс хөрвүүлж, оршил, тайлбар, нэрсийн хэлхээ хийн дахин хэвлүүлснээ өөрийн нэгэн сэдэвт бүтээл болгон бүтээлийн жагсаалтдаа оруулсан байна. 
  • Өмнөх үг, нэрсийн жагсаалтыг хийснийгээ нэгэн сэдэвт зохиол болгож бичсэн.
  • С.Чулуун бүтээлийн жагсаалтынхаа 18 дугаарт Б.Цэцэнцолмон англи хэлнээс монгол хэл рүү орчуулсан “Өргөөг зорьсон англи дэслэгч: Нэгэн зууны тэртээ” номыг редакторласан хэрнээ орчуулагчийн нэрийг нь дурьдалгүй өөрийн нэгэн сэдэвт бүтээлийн жагсаалтдаа оруулсан. 
  • Гадаадад хэвлүүлсэн бүтээлийн жагсаалтын 2 дугаар бүтээл нь өгүүллийн эмхэтгэл бөгөөд С.Чулуун редакторласан. Гэвч Сборник статей буюу өгүүллийн эмхэтгэл хэмээх үгийг хасаж Т.И. Юсуповатай хамтран бичсэн ном мэт болгосон.
  • Гадаадад хэвлүүлсэн бүтээлийн жагсаалтын 3-рт 63 хуудас бүхий монгол хэлээр хэвлэгдсэн тайланг хамтын бүтээл гэж бичсэн.
  • Гадаадад хэвлүүлсэн бүтээлийнхээ жагсаалтын 4-рт М.И. Клягина-Кондратьевагийн “Монголын Бурханы Шашны Соёл: Хэнтий, Хангайн Сүм, Хийдийн Судалгаа” нэртэй, монгол хэлээр хэвлэгдсэн номыг С.Чулуун өөрөө бичсэн нэгэн сэдэвт бүтээл бөгөөд англи хэлээр хэвлүүлсэн хэмээсэн байна. 
  • Гадаадад хэвлүүлсэн бүтээлийн жагсаалтын 5-рт Кэмбрижийн их сургуулийн профессор Урадын Булагтай хамтарч эмхэтгэсэн “The Thirteenth Dalai Lama on the Run (1904-1906): Archival Documents from Mongolia” архивын материалийн эмхэтгэлийг гадаадад хэвлэгдсэн ганц сэдэвт бүтээлдээ багтаасан байна. Уг эмхэтгэлийн удиртгалыг У.Булаг дангаараа бичжээ. Энэ бүтээл бол судалгааны бүтээл биш баримт материалын эмхэтгэл тул эмхэтгэн хэвлүүлсэн бүтээл гэсэн ангилалд багтана.
  • Гадаадад хэвлүүлсэн бүтээлийн жагсаалтын 6-рт Б. Алтангэрэл, У.Булаг, Д.Шүрхүү нартай “Trans-Continental Neighbours” бүтээлийг хамтран эмхэтгэсэн боловч нэрсүүдийг нь огт дурдаагүй. Зөвхөн өөрийн нэгэн сэдэвт бүтээл мэт бичсэн.
  • Гадаадад хэвлүүлсэн бүтээлийн жагсаалтын 8, 9-р номд С.Чулуун зөвхөн нэг нэг хэсэг бичсэн ба хялбаршуулсан бүтээлийн хамтын зохиогч атлаа 10 гаруй хүний бүтээлийн дан ганц өөрийн бүтээл болгон жагсаалтдаа оруулсан.

С.Чулууны бүтээлийн жагсаалтыг нарийвчлан шүүж үзвээс, С.Чулууны өөрийн нэгэн сэдэвт бүтээл ганц байв. Түүний академич хэргэмд нэр дэвшихдээ ашигласан бүтээлийн жагсаалтыг үндэслэн зохиогчийн эрхийг зөрчсөн, хамтарсан зохиогчдынхоо нэрийг зориуд бичээгүй, эрдэм шинжилгээний өгүүлэл, эмхэтгэл зэргийг хольж нэгэн сэдэвт бүтээлийнхээ жагсаалтанд оруулсан зэрэг судлаач хүнд байж болохгүй ихээхэн зөрчлийг гаргаж, эрдэмтэн хүний ёс зүйг уландаа гишгэжээ.

Иймээс бид С.Чулууны энэ үйлдлийг буруушааж байна. Цаашид академик ертөнцөд ийм үйлдлийг даамжруулахгүй, шинжлэх ухаанч шударга ёсыг тогтоохын төлөө хатуу тэмцэх болно. Шударга ёсыг эрхэмлэгч, шинжлэх ухаанд зүрх сэтгэлээ зориулан зүтгэж яваа МУИС, ШУТИС, МУБИС, ШУА-ийн олон сайхан эрдэмтэд, Монголын түүх соёлыг хайрладаг жирийн иргэд сүүлийн үед бидний тэмцэлд анхаарлаа хандуулан шударга бусын эсрэг тэмцэл хүрээгээ тэлсээр байна. С.Чулууны 2018 онд академич болохоор нэр дэвшихдээ ашигласан жагсаалтыг та бүхэн энэ холбоосоор орж харж болно. Энд зөвхөн түүний бүтээлийн жагсаалтын “Нэгэн сэдэвт бүтээл” гэсэн хэсгийг шүүж үзэхэд гарч ирсэн зөрчил юм. Бид цаашид С.Чулууны (академичийн) бүтээл дээр нэг бүрчлэн ажиллаж түүний гаргасан зөрчлийг олон нийтэд ил болгож шударга бусын төлөө тэмцэх болно. 


-Энэ төрлийн асуудал дээр түүхийн төдийгүй бусад эрдэмтэд ч нэгдэж байгаа сурагтай. Та бүхэн ШУА-д хандсан уу?

-Бид бүх холбогдох, эрх бүхий байгууллагуудад хандан албан ёсны шаардлага хүргүүлсэн. Мөн Олон Улсын Монгол Судлалын Холбооны гадаадад байдаг дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүдэд захидал илгээсэн. Тэдний зарим нь удахгүй албан ёсоор хариу илгээхээ мэдэгдсэн байгаа. Үнэндээ бид ганц С.Чулууны асуудлаас болж гадны нэр хүндтэй сургууль, судалгааны байгууллагууд, эрдэмтэд монголчуудад итгэх итгэлээ алдах вий гэж санаа зовж байна. Нэг ёс зүйгүй хүний үйлдлээс болж гадаад ертөнцөд Монголын шинжлэх ухаан, судлаачдын нэр хүнд сэвтэх ёсгүй.


-Үүнээс гадна С.Чулуун академичийг оюуны хулгайч, хүн дарамтлагч, заналхийлэгч гэж нэлээд ширүүлжээ. Учир шалтгааныг нь тайлбарлуулмаар л байна?

-Оюуны хулгайн тухай өмнө тодорхой хэлсэн. Харин хүн дарамтлагч, заналхийлэгчийн тухай бол өнгөрсөн хугацаанд facebook-ээр хангалттай их баримт дэлгэгдсэн шүү дээ. Жишээ нь, МУИС-ийн багш Д. Анхбаярыг 2018 оноос хойш ална, ажил амьдралгүй болгоно гэж заналхийсэн. Мөн Steppe Publishing компаний захирал Г.Баттогтохыг ална гэсэн байгаа юм. Баримт нь энд бий, уншаарай.

Эрдмийн дээд хэргэм академич битгий хэл энгийн хүмүүс ч нэг нэгэнтэйгээ ингэж харьцдаггүй  Ялангуяа С.Чулуун өөрөөсөө насаар дүү эмэгтэйчүүд рүү их дайрсан байдаг. Мөн тэдний оюуны бүтээлийг ч илүү их хулгайлсан. Гэвч ахмад улс руу довтолдоггүй гэсэн үг биш шүү. Олон нэр хүндтэй ахмад эрдэмтдийг “үхэх дөхсөн”, “үхэх болоогүй юу” гэх мэтээс өгсүүлэн энэ олон нийтийн мэдээллийн сайтаар хэлж болохгүй үгээр харааж зүхсэн нь бүгд баримттай бий. Бид эрдмийн ертөнцийг ямар нэгэн албан тушаалтны дарамт шахалтгүй, хэн ч өөрийн хүссэнээр эрх чөлөөтэй ажилладаг, эрдмийн бүтээлээ туурвидаг газар байлгахын төлөө л тэмцэж байгаа. Чин шударга хөдөлмөр үнэлэгддэг байх, худал хуурмагийг үзэн яддаг байх нь нийт хүн төрөлхтний үнэт зүйл билээ.   


-Бусад орнуудад энэ төрлийг оюуны хулгайг хэрхэн шийддэг вэ? 

-Оюуны бүтээлийн хулгай хийж ноцтой зөрчил гаргасан судлаачдыг наад зах нь ёс зүйн хариуцлага хүлээлгэж, ажлаас нь халж, бүх хэргэм, цолыг нь хураадаг. Цаашилбал өндөр торгууль ногдуулж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авдаг. АНУ-д гэхэд коллежийн оюутан зохиогчийн нэрийг дурдалгүй оюуны өмчийг өөрийн болгон эссэ бичихэд л сургуулиасаа хөөгддөг хуультай. 

Гадаадын улс орнуудад ямар ямар арга хэмжээ авдаг талаар цөөн жишээ хэлэхэд саяхан Алдарт Колумбийн Их Сургуулийн Солонгосын түүхийн профессор Чарьлес Армстронг 2013 онд хэвлүүлсэн "Tyranny of the Weak: North Korea and the World, 1950-1992" номондоо бусдын бүтээлээс хулгайлсан, нэрийг нь дурдалгүй ашигласан, хүний санааг өөрийн мэт хэрэглэсэн гэх мэт 100 орчин алдаа гаргасан тул 2020 онд хүчээр тэтгэвэрт гарах болсон.

Энэ эрдэмтэн АНУ-ын Йелийн их сургууль, London School of Economics and Polirical Science, Чикагогийн их сургууль зэрэг алдартай сургууль төгссөн хүн байх юм. Гэвч оюуны бүтээлийн хулгай хийсэн тул түүнд зохих шийтгэлийг оногдуулсан байна. '



С.Чулуун: АСУУДАЛ БАЙДАГ Л ЮМ БОЛ АВСАН ЦОЛ ЗЭРГЭЭ ӨГӨХӨД БЭЛЭН, НАМАЙГ ГҮТГЭЖ БАЙНА


-Хэсэг эрдэмтэд таны академич цол зэргийг хураалгахаар төрийн гурван өндөрлөг төдийгүй Оюуны өмчийн газар, ЦЕГ-т хандсан. Энэ тал дээрх таны байр суурийг асууж тодруулмаар байна?

-Энэ асуудлаар би холбогдох газар нь нэр төрийн асуудлаар хандана. Хандаад эхэлчихсэн. Яг хэний захиалгаар ийм явуулга яваад байгааг би сайн мэдэхгүй. Өмнө нь 1980-аад онд ажил хийсэн хэсэг хүмүүсээ ингэж унагасан тохиолдол байдаг юм билээ. Над руу дайраад байгаа Г.Мөнх-Эрдэнэ бол надаар хичээл заалгаж байсан хүүхэд шүү дээ. Өөрөө ч надаар юу заалгаж байснаа мэднэ. Чухам ямар учраас, хэний даалгавраар ажиллаж байгааг би мэдэхгүй. Энэ дотор байгаа бүх хүмүүсийг би ажилд авсан, надтай хамт ажиллаж байсан хүмүүс л дээ. Тэр битгий хэл гадаад руу сургууль соёлд явуулж байсан юм. 


-Эрдэм шинжилгээний ажил хийснийх нь төлөө зарим эрдэмтдийг заналхийлсэн гэсэн байна. Энэ үнэн үү?

-Худлаа мэдээлэл. Монголын түүхийг хэн ч бичиж болно. Гэхдээ мэргэжлийн түвшинд, өндөр ур чадвартай хүмүүс нь хийх ёстой. Би Монголын түүхийн судалгааг хаах биш дэмжиж явсан. Монгол Улсын түүх бол тоглож болдог тоглоом, наймаа биш. Бодлоготой анхааралтай, болгоомжтой хандах зүйл.


-Хэрвээ эдгээр хүмүүсийн хэлсэн шиг асуудал байгаа бол та авсан цол зэргээ өгч чадах уу?

-Хэрвээ би тийм асуудал байдаг л юм бол би авсан цол зэргээ өгөхөд 100 хувь бэлэн байна. Шийддэг газар нь шийдчих байх, ШУА-ийн дүрэм журам ч гэж бий. Би хэнийг ч хуураагүй, яагаад гэвэл би түүхч хүн. 

Миний бүх бүтээлд бусдын оюуны өмчөөс хулгайлсан зүйл байхгүй гэдгийг 100 хувь итгэлтэйгээр хэлж чадна. Энэ бол ямар ч үндэслэл байхгүй гүтгэлэг л дээ. Тухайлбал миний бүтээлийг хэвлэгдээгүй гэжээ. Гэтэл докторын бүтээл хэвлэгдсэн бүтээлд тооцогдож байдаг юм. Оросын сайт руу ороод үзэж болно. 


-Тантай холбоотой ёс зүйн асуудал ч яригдаж байгаа гэж дуулсан…?

-Эрдэмтдийн ёс зүйн асуудлыг харин би над руу дайраад байгаа хүмүүсээс асуумаар байна. Би ёс зүйг бариад элдэв юм ярихгүй байгаа юм. Эцсийн дүндээ энэ чинь бидний хэрүүл биш, Монгол Улсын шинжлэх ухааны асуудал шүү дээ. Монгол Улсын түүхчдийн дунд асуудал ийм болж байгааг харж баясаж байгаа гадныхан бий.  

Тэрхүү бичиг дээр гарын үсэг зурсан хүмүүс Хятадад эсвэл Туркт төгссөн хүмүүс шүү дээ. Цаана ямар даалгавар байгааг би мэдэхгүй. 

Өнгөрсөн жил Солонгос улсад Монголын нэрийг гаргасан маш том үзэсгэлэн би гаргасан, бас түүхч Д.Өлзийбаатар гуайтай хамтраад 20 боть хэвлүүлэхэд мөн л ийм яриа гарсан. Гэтэл энэ жил 6 жил малтсан Сарьдагийн хийдийн судалгааны ажлын дараа ийм яриа гарлаа. Би тэр төслийг удирдаж, ном бүтээлийнх нь ард гарсан. Эндээс хэн нь бичдэг, хэн нь гүтгэдэг гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Хүн рүү дайрч биш өөрөө зүтгэж бүтээдэг юм. 


САМПИЛДОНДОВЫН ЧУЛУУН НАМТАР:

ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор.

С.Чулуун нь Монголын түүхийг менежментийн шинэ шатанд гаргах, бүс нутаг болон олон улсын түвшинд хүргэх, эрдэмтдийн нэгэн шинэ үеийг буй болгож бэлтгэх, монголын түүх, соёлын цогц судалгааг онол-арга зүйн шинэ шатанд гаргах, монгол судлалыг монгол улсад төвлөрүүлэн хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм. Тэрбээр өмнө нь судлаагүй түүхийн цагаан толбо байсан 17 зууны монголын хот сууриныг цогцоор нь малтан судлах ажлыг анх удаагаа санаачлан эхлүүлж, удирдан хэрэгжүүлж байна.

Түүний судалгааны гол чиглэл нь Монголын эзэнт гүрний дараах үеэс ХХ зууны эхэн хагас хүртэлх үеийн бүс нутгийн улс төр, эдийн засаг, соёлын харилцааны түүх, Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн намтар үйл ажиллагаа, сурвалж бичгийн судалгаа юм.

С.Чулуун 17 зууны Монголын түүхийг Орос, Манжийн харилцаатай холбон 20 гаруй жил цогцоор нь судлахдаа монголын түүхийн судалгаанд гадаад орнуудад, ялангуяа хөрш хоёр улсад хадгалагдаж буй монгол, манж сурвалж хийгээд археологийн дурсгалтай хослуулан судлах онол, арга зүйн шинэ шийдэл, хандлагыг бий болгож, түүнийгээ баримталсан томоохон суурь бүтээлүүд туурвиж байгаагаараа түүхийн судалгаанд өөрийн гэсэн дэг сургууль бий болгох ажлыг эхлүүлж чаджээ.