Харвардын Жон Кеннедийн сургуулийн Олон улсын хөгжлийн эдийн засгийн (MPA in International Development буюу MPA/ID) хоёр жилийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж буй Г.Ганчимэгтэй ярилцлаа.

Тэрбээр өмнө нь Канзасийн их сургуулийг мөн л тэтгэлэгтэйгээр суралцаж төгссөн аж. Г.Ганчимэгтэй АНУ-д тэтгэлэгтэй суралцахын тулд юуг анхаарах ёстойг мөн монгол оюутнуудад олдох боломжийн талаар ярилцлаа.Харвардын Жон Кеннедийн сургуулийн захирлын нэрэмжит хүлээн авалтын үеэр ангиараа 2019 он

-Анх гадагшаа суралцахаар явахдаа тэтгэлгийн талаар хэр ойлголттой байсан бэ?

-Хамгийн анх 2009 онд АНУ-д бакалаврын сургалтаа эхлүүлсэн. Дунд сургуулиа төгсөөд Монголдоо их сургуулийн хуваарь авсан ч гадны сургуулиудад илгээх өргөдөл, тэдгээрт шаардагдах шалгалтууддаа бэлдэж багагүй цагийг зарцуулсан. Ингээд сургалтын бүтэн тэтгэлэг авч Канзасийн их сургуульд эдийн засаг, математикийн хос мэргэжлээр суралцаж төгссөн. АНУ руу явахаасаа өмнө МУИС-ийн ЭЗС-ийн эдийн засгийн онолын ангид нэг семистр суралцаж байсан.

Ер нь 2008, 2009 онд өнөөгийнх шиг мэдээлэл хангалттай байгаагүй. Бид гадаадад сурах талаар ойлголтыг ойр тойрны хүмүүсээс сонсож, түүгээрээ бүүр түүрхэн баримжаа авсан гэхэд болно. Интернет хэрэглээ ч одоогийнхтой адилгүй тул сургалтын материалуудаа хэвлэмэл хэлбэрээр ашиглаж байлаа. Тэдгээр нь ч тэр бүр олдоцтой байгаагүй.


-Хүсэж тэмүүлж байсан сургуулиасаа анхны тэтгэлгийг авч чадсан уу?

-Тэр үед хувийн сургуулиуд endowment буюу хандивын сан нь өндөр тул тэтгэлэг өгөхдөө өгөөмөр байдаг гэж сонсч байсан. Ингээд хандсан сургуулиуд маань Канзасаас бусад нь бүгд хувийн сургуулиуд. Тухайн үед миний хувьд заавал тэр энэ гэж бодохоос илүүтэй АНУ-д боломжийн сургуульд сайн сурах нь л зорилго байсан.

Миний төгссөн Канзасын их сургууль АНУ-д 130, дэлхийд 400 хавьцаа ордог, улсын сургууль. Яг тухайн үедээ энэ сургууль маань миний эхний сонголт байгаагүй ч энэ сургуульдаа тэтгэлгээр суралцаж маш их зүйлийг сурсандаа хязгааргүй их баярладаг. Мөн манай дунд, ахлах сургуулийн маань сайн найз надаас 1 жилийн өмнө яг миний авсан тэтгэлгээр суралцаж байсан нь надад мэдээллийн арвин эх үүсвэр болсон шүү.

Тэнд суралцаж байх хугацаандаа хоёр тэнхимээсээ хэд хэдэн тэтгэлэг авч чадсан бас эрдэмтэн багш нараар хичээл заалгаж, олон сайхан найзуудтай болж, олон орны соёл, уламжлалыг танин мэдсэндээ баярладаг.

Бакалаврын сургалтаа дүүргээд Монголбанкинд дөрвөн жил гаруй ажиллаж байгаад, одоо суралцаж байгаа тэтгэлгээ авсан.

 

-Одоо ямар сургуульд суралцаж байна вэ, төлбөрийн хувьд оюутнууддаа хэр боломж олгодог вэ?

-Одоо Харвардын их сургуульд суралцаж байна. Харвардын их сургууль салбар 13 сургуультай. Би Жон Кеннедийн сургуулийн Олон улсын хөгжлийн эдийн засгийн (MPA in International Development буюу MPA/ID) хоёр жилийн хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. Энэ бол миний хүсэж, тэмүүлж байсан хөтөлбөр. Суралцаад хоёр семистрээ дүүргээд байна.

Манай хөтөлбөрийн сургалтын төлбөр ноднин 51,432 ам. доллар байсан. Энэ жил 1440 доллараар нэмэгдсэн. Азаар сургуулиасаа сургалтын бүтэн тэтгэлэг авч чадсан. Мөн би Фулбрайтын тэтгэлгээр суралцдаг. Фулбрайтын тэтгэлгийн нэг онцлог нь нэг оюутны хувьд 30 мянган ам.доллараас доош байлгахыг зорьдог. Тиймээс Фулбрайтын тэтгэлэг авч явж байгаа залуучууд ихэвчлэн тухайн очиж буй сургуулиасаа тодорхой хэмжээний тэтгэлэг, багшийн туслах хийх гэх мэт санхүүгийн эх үүсвэрийг авдаг. Ингээд тухайн авсан санхүүгийн эх үүсвэрийг сургуульдаа суралцах нийт зардлаас (сургалтын болон амьжиргааны) хасахад 30 мянган ам.доллар хавьцаад барьж байвал Фулбрайтаас тухайн хөтөлбөрт элсэхийг дэмждэг.  

 

-Таны бодлоор англи хэлний дундаж мэдлэгтэй хүн TOEFL-д тэнцэх хүртэл хэр хугацаанд бэлдэх хэрэгтэй бол?

-Би багш биш учраас тэр энэ гэж хэлэхэд бэрх. Миний бодлоор тухайн хүн TOEFL-ийн шалгалтад тууштай шургуу бэлдэж чадвал 1-2 жил байхад боломжийн болов уу гэж бодож байна. Гол нь бэлдэх арга барилаа сайн олох хэрэгтэй. TOEFL-ийн шалгалтад унших, сонсох, ярих, бичих чадварыг шалгадаг. Жишээ нь унших чадвараа сайжруулахын тулд ном унших нь үр дүнтэй. Хадмал орчуулгатай кино үзэх нь сонсох чадварыг сайжруулдаг, үр дүнтэй арга шүү. Эхэндээ англи үгс чихэнд төдийлэн наалдахгүй өнгөрөх ч яваандаа нэг нэгээр дуудлага нь хоногшиж эхэлдэг. 

Залуучууд маань сонсдог номуудыг ч өргөн хэрэглэдэг болсон. Номыг нь хараад чихээрээ сонсохоор ямар үгийг яаж дуудаж байгааг анзаарч, чихэнд хоногшиж үлдэнэ. Ер нь өөртөө үнэнчээр, өдөр болгон, шантрахгүйгээр бэлдэх чухал гэж боддог. Харин ярих даалгавар тийм ч амар биш. Анх TOEFL өгч байх үед яг энэ хэсэг хэцүү санагдсан. Одоо бодоход хангалттай давтлага хийгээгүй эсвэл унаган англи хэлтэй хүнтэй ярьж үзээгүй учраас дуудлагад дээрээ, утга санаагаа ярианы хэлбэрээр илэрхийлэхдээ дутмаг байжээ. Мэдээж ямар нэгэн шалгалт өгөхөд ялангуяа TOEFL өгөхөд бодит хүнтэй биш компьютерын програмтай ярих учир сандардаг. Аминдаа л хэлээд байдаг, гэтэл дуудлагаас минь болоод ойлгодоггүй юм билээ. Тухайн үедээ энэ сул талаа мэдэж байсан учраас сайжруулахын тулд ЕБС төгссөн жилээ хоёр ч удаа англи хэлний хөтөч, орчуулагчаар явж үзсэн нь үр дүнтэй санагдсан.  Эхлээд сургалтад сууж аяллын компанид хандсан нь үр дүнгээ өгсөн гэж боддог.

Ер нь тууштай, системтэй байдлаар л хэл сурах нь оновчтой байх. Харин санахаараа гэнэт дайрч үзээд бусад үед мартаад байвал үр дүн тааруу л гарна гэж боддог.


-GRE ( Graduate Record Examination ) бакалавраас дээш түвшинд суралцахаар горилогчдоос авдаг шалгалтад тэнцэхийн тулд хэр удаан бэлдсэн бэ?

-Миний хувьд өмнө Америкт сурч байхдаа энэ шалгалтыг өгч байсан туршлага байсан учраас арай дөхөм байсан байж магадгүй. Ажлын хажуугаар 3 сар орчим бэлдсэн. Гол нь шалгалтынхаа оноог давах маш чухал.  Тэрхүү 1000 үгээ цээжлэхээс гадна дадлагын тестүүд дээрээ ажиллана. Хэрэв гайгүй оноо авъя гэвэл дор хаяж гурван сар бэлдээрэй гэж оюутан залуустаа зөвлөмөөр байна. Мagoosh гээд апп тун аятайхан санагдсан.  


 -Эссэ бичихэд анхаарах зүйл юу байх вэ? 

-Би ийм мундаг, ийм зүйлдээ сайн гэж бичих нь тийм ч зохимжтой биш. Бас уран яруу бичих ч хэрэггүй. Харин тухайн байгаа орчиндоо ямар нэгэн асуудлыг олж харсан бол түүнийг засаж, сайжруулахын тулд яах хэрэгтэй, тэр хэрэгцээнд тань тухайн сургалтын хөтөлбөр яаж нөлөөлөх тухай логиктой бичих нь чухал гэж ойлгосон.


- Кеннидигийн их сургууль суралцахад хэр боломжийн бэ?

-Яг манай хөтөлбөрийн хувьд Кеннидигийн их сургууль /энд дарж үзэх/ дотроо тэтгэлэг олголтоороо хамгийн өгөөмөр нь. Жишээ нь сүүлийн 3 жилийн тоон мэдээгээр манай хөтөлбөрийн гадаад элсэгчдийн нийт 34 хувь нь ямар нэгэн тэтгэлэг авсан байгаа юм. Тэдний тэтгэлгийн дундаж нь 53,739 ам.доллар. Тиймээс энэ сэдвийг судалж, сонирхож байгаа залуучуудыгаа сонирхоорой гэж уриалмаар байна.

Аливаа хөгжлийн суурь, тодорхойлогч хүчин зүйл нь ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛОМЖ байдаг (equal and inclusive opportunity). Харин үүний амин сүнс нь МЭДЭЭЛЛИЙН ТЭГШ БАЙДАЛ гэж итгэдэг. Тэр үүднээсээ суралцаж байгаа хөтөлбөрийнхөө тухай манай хөтөлбөрийг анх төгссөн төгсөгчийнхөө хамт өнгөрсөн өвөл Монголд амралтаар очихдоо мэдээлэл хийсэн. 

-Энэхүү хөтөлбөрт хамрагдахад ямар шалгуурыг хангах ёстой вэ? Тухайлбал хэлний шалгуурын оноо хэд байдаг вэ?

-Мэдээж англи хэл дээр хичээлээ үзэх учраас англи хэл дээр ямар ч олон улсын их дээд сургуульд суралцахын тулд хэлний мэдлэг хамгийн чухал. Тухайлбал TOEFL-ийн шалгалтад  100,  IELTS-ийн шалгалтад 7 оноог тус тус хамгийн багадаа авсан байх шаардлагатай. 

Үүнээс дээш оноотой бол давуу тал болно. Мөн бакалавраас дээш түвшинд суралцахаар горилогчдоос авдаг GRE шалгалт өгөх ёстой.

General GRE-н хувьд англи хэл, математик болон зохион бичлэг гэсэн хэсгүүдээс бүрддэг. Англи хэлний хэсгийнх нь хувьд шинжлэх ухааны сэтгүүлийн өгүүллэг эсвэл The Economist, The New York Times эсхүл Scientific American зэрэг мэдээллийн эх үүсвэрүүдийг унших хэмжээний үгийн сантай байх ёстой гэж үздэг. Иймээс энэ шалгалтад бэлдэх гэж өдөр болгон 10 үгийг уйгагүй цээжилж байсан. 

Ер нь бусад шалгалтуудад түгээмэл байдаг шиг цээжлэхийг зөвлөсөн дор хаяж 1000 үг байдаг. Америкчууд өөрсдөө ч гэсэн энэ шалгалтаа давахын тулд тэдгээр үгсээ цээжилдэг. Шалгалтын гол зорилго нь удаан хугацааны турш хуримтлуулсан англи хэлний үгийн баялаг, үгийг утгачилан хэрэглэх хэрэглээ, аналитик бичвэр, тоон болон шүүмжлэн бодох чадваруудыг дүгнэдэг 


-Монгол оюутнуудад энэхүү боломж хэр нээлттэй вэ?

-Тэгш, хүртээмжтэй боломж гэдэг утгаараа аль улсаас хандаж байгаагаас үл шалтгаалан олгогдож байгаа боломж нь бүх оюутнуудад нээлттэй. Дээрээс нь Монголоос одоогийн байдлаар 2 л оюутан хамрагдаад байгаа тул шалгуурыг нь хангаж чадвал манайхаас цөөхөн оюутнууд сурсан гэдэг нь харин ч бас илүү давуу тал болж тухайн өргөдөл гаргагчийг илүү өвөрмөц болгох талтай.

 

MPA/ID хөтөлбөрийн хувьд олон улсын хөгжлийн эдийн засгийн програм гэдэг утгаараа дотоодын буюу Америк элсэгчдээ илүү авах гэхээсээ илүү гадаад оюутнуудыг илүү ихээр элсүүлэх бодлоготой байдаг. Тухайлбал, манай ангид нийт 80 хүүхэд байгаагаас 8 нь Америк оюутнууд бол үлдсэн 72 нь нийт 33 орноос ирсэн. 


-Америкт ажиллангаа сурах боломж хэр олддог вэ?

-Оюутнууд 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй байдаг. Гэхдээ манай хөтөлбөрийн хувьд ажиллах ямар ч цаг гардаггүй. Дээр дурдаж байсан манай хөтөлбөрийн анхны төгсөгч маань голдуу өглөө 9-өөс шөнийн 1 цаг хүртэл номын санд суудаг гэж хэлэхэд гайхаж байлаа.  Дунд нь суралцахад яг л тийм байсан, урсгалаараа явна гэсэн ойлголт тэнд байдаггүй. 

Ангийнхан маань их тусч, мундаг залуус. Ихэнх нь тухайн улс орондоо хөгжлийн эдийн засгийн чиглэлээр ажиллаж мэргэшсэн. Тэдний дунд тухайн орныхоо төв банк, яамдын бодлого боловсруулагчид, Wallstreet-ын хөрөнгө оруулалтын банкирууд, ОУВС, ДБ зэрэг ОУК-н мэргэжилтнүүд, McKinsey, BCG зэрэг зөвлөх компаниудын мэргэжилтнүүд, судалгааны төвүүдийн судлаачид байдаг. Тэр утгаараа ангийн дундаж гүйцэтгэл маш өндөр тул үндсэндээ хичээлээ хийсээр байгаад таардаг. Хэдийгээр бид бүгд өрсөлдөгч боловч нэгэндээ ойлгоогүй зүйлээ цааргалалгүйгээр зааж өгдөг чанар нь маш их таалагддаг.

-Тухайн үед өөрөө мэдэхгүй өнгөрсөн ч бусад залууст сургамжтай зүйлээсээ хуваалцахгүй юу?

-Барууны орнуудад их дээд сургуулийн төлбөр маш өндөр. Хөгжиж буй орнуудад мэдээж цалингийн түвшин харьцангуй бага байдаг. Иймээс хүмүүс тэр бүр сургалтын төлбөрөө өөрсдөө төлөөд сурах амар биш. Тийм учраас тэтгэлгийн үр шимийг хүртэж, илүү олон монгол залуу  суралцаасай гэж хүсдэг. 

Гол нь хүссэн зорилтынхоо дагуу зөв эх үүсвэрээс зөв мэдээлэл авч, түүнийхээ дагуу өөртөө тохируулсан төлөвлөгөө боловсруулж ажиллах нь чухал юм билээ. Жишээ нь, АНУ-ын их дээд сургуулиуд манайх шиг хавар ЭЕШ-аа авалгүйгээр төгсөх ангийнх нь 12 дугаар сарын үед суралцах өргөдлүүдийг хүлээн аваад 3-4 дүгээр сард сурагчдад тэнцсэн эсэхийг нь буцаан мэдэгддэг. 

Тэгэхээр 12 дугаар сард өргөдлөө өгч амжихын тулд төгсөхөөсөө бараг бүтэн 1 жилийн өмнө бэлтгэл ажлуудаа (TOEFL, SAT 1,2 шалгалтууд г/м) хийж эхлэх хэрэгтэй. Би үүнийг нь мэдэхгүй өнгөрөөснөө сүүлд мэдсэн.