Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Шинэ коронавирус энэ оны нэгдүгээр сарын 9-нд анх БНХАУ-ын Ухань хотод илэрснээс хойш өнөөдрийг хүртэлх гурван сарын хугацаанд Нийслэлийн онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлд хөл хорио тогтоож, шалган нэвтрүүлэх товчоод болон бусад газарт хяналт хийж, холбогдох зөвлөгөө мэдээллийг иргэдэд өгөн ажиллаж буйгаа мэдэгдлээ.

Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа "Нийслэлийн шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна. Мөн 9 товчоонд цагдаа, мэргэжлийн хяналт, мал эмнэлэг, онцгой байдлын ажилчид үүрэг гүйцэтгэж байна. Шинэ коронавирус болон томуу, томуу төст өвчний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллагын алба хаагчид эргүүлээр ажиллаж байна. Нийт 977 төрийн албан хаагч 256 чиглэлд ажиллаж, 2385 зөрчил илрүүлэн тухай бүрт нь шийдвэрлэж, иргэдэд мэдээлэл өгсөн. Мөн нийслэлээс гарах, орох товчоодод тандалт хийж байна.

Одоогийн байдлаар 1.696.303 хөдөлгөөн бүртгэгдсэн. 24 цагийн хугацаанд 60.651 орох, гарах хөдөлгөөний тандалт судалгаа хийгдсэн" хэмээлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа "Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор тусгай үүргийн онгоц, орон нутгийн боомтуудаар ирж буй иргэдийг эмнэлэг, тусгаарлах байруудад 14-21 хоног тусгаарлаж байгаа. Эдгээр иргэд гараад 14 хоног гэрийн тусгаарлалтад байх ёстой. Үүнд дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд хяналт тавьж байна. Гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэлх хугацаанд нийт 2509 хүнийг хяналтад авах ёстойгоос 1727 хүнийг хяналтад авсан. Үлдсэн хүмүүс тусгаарлагдах байраас гараагүй байгаа. 1727 хүний 1208-ыг нь өрхийн эмнэлгийн хяналтад авсан. Гэрийн тусгаарлалтын хугацаа дуусч, хяналтаас гарсан 502 хүн байна. 51 хүн орон нутаг руу шилжсэн.

Гэртээ тусгаарлагдаж буй хүмүүсийн олонх нь өөрийн болон бусдын, улсынхаа төлөө дүрэм журмаа мөрдөн маш сайн байгаа. Гэхдээ зарим иргэн өгсөн хаяг дээрээ байхгүй, утсаа салгаад хаана байгаа нь мэдэгдэхгүй байх, тусгаарлалтын горим зөрчиж гадуур явах, орон нутаг руу зорчсон тохиолдол гарсан. Ийм иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөн олуулж байгаа.

Иймд тусгаарлалтаас гараад гэрийн ажиглалтад байгаа иргэд Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу 14 хоног гэрээсээ гарахгүй, өөрийгөө ажиглах шаардлагатай. Гэр бүлийнхэн нь түүнд тусгаарлах орчныг нь бүрдүүлэх, халууныг нь өдөрт 2 удаа үзэх, дахрлааг нь дэмжих, хэрэгтэй зүйлсээр нь хангах, гэрээс гарахгүй байх нөхцөлийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай" хэмээлээ.