2012-2016 онд дэлхийн гудамжны хиймэл гэрэл жилд дунджаар хоёр хувиар тодорчээ. Эрдэмтэд энэ үзэгдлийг “шөнийн үгүйрэл” гээд энэ нь маш олон орны ургамал цэцэг, ан амьтан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг анхааруулав. 

Судлаачид энэ талаар Science Advances шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ. Тэд шөнийн гэрлийн хүчийг хэмжих зориулалттай Наса-гийн хиймэл дагуулын радиометрийн мэдээлэлд түшиглэн судалгааг хийсэн байна. Үүнээс үзэхэд улс орнуудын гэрэл харилцан адилгүй тодорч, бүдгэрдэг аж. “Нойрсдоггүй” хотуудаас АНУ, Испани байраа алдалгүй жагсжээ. “Гялалзаж” яваа орноор Өмнөд Америкийн ихэнх орон, Африк, Ази тив орсон байна. 

Шөнийг үгүйрүүлээгүй орнууд бол Сири, Йемен. Гэвч хоёулаа дайн дажинтай байгаа билээ. Хиймэл дагуулаас харагдах эл дүр зураг үзэсгэлэнтэй боловч аюултай. Хүрээлэн буй орчинд ч, хүн амьтанд ч тэр. 

БАРИМТ:

  • 2016 онд Америкийн эрүүл мэндийн нийгэмлэг хурц LED гэрлийн хор хөнөөлийг хүлээн зөвшөөрчээ. Хүнийг нойрсуулах үүрэгтэй, тархинаас ялгардаг мелатонин гэх бодис цэнхэр гэрэлд ялгардаггүй. Цэнхэр гэрэлтэй зүйлс гэвэл LED гэрэл, гар утасны дэлгэцээс эхэлнэ. 
  • Nature сэтгүүлд нийтлэгдсэн сүүлийн үеийн судалгаагаар хиймэл гэрэл үр тарианы тоос хүртээх үйл явцыг саатуулдаг тухай нийтэлжээ. Учир нь шавьжнууд шөнөөр ургамлын тоос тараадаг бөгөөд гэрлийн тусгалаас болж үр бүтээлгүй болдог байна. 
  • Шөнийн хурц гэрэлтэй газрын модод гэрэлгүй газрынхтай харьцуулахад нахиагаа долоо хоногийн өмнө дэлгэдгийг Их Британид хийсэн судалгаагаар тогтоосон. 
  • Шөнөөр нүүдэллэдэг шувууд их хотын гэрэлд араншин нь их хурц болдог ажээ. 

Германы Газарзүйн шинжлэх ухааны судалгааны төвийн ахлах судлаач Кристофер Киба шөнийг гэрэлтэй болгосон нь хүн төрөлхтний хүрээлэн буй орчинд эрс өөрчлөлт  үзүүлснийг хэллээ. Чинээлэг хотууд, үйлдвэрлэлийн бүсүүд улбар шар гэрлээс эрчим хүчинд хэмнэлттэй LED гэрэл хэрэглэх болсноор хурц гэрлийн хүч суларна гэж эрдэмтэд таамагласан. Хиймэл дагуулын гэрлийн мэдрэгч LED-ээс ялгардаг солонгын цэнхэр хэсгийг хэмжих чадалгүй. 

Ноён Киба “Бид LED гэрэл ихээр хэрэглэж байгаа хөгжингүй орнуудын гэрэл буурна гэсэн хүлээлттэй байсан ч тодорсноос өөр өөрчлөлт гарсангүй. Хиймэл дагуулын мэдрэгч цэнхэр гэрлийг хүн шиг ялгаж хардаггүй болохоор бодит байдал бүр л муу байгаа гэсэн үг” хэмээлээ. 

Улаанбаатар хотод ч гэсэн моддыг ногооноор гэрэлтүүлснийг та хаанаас ч харж болно. Улаанбаатар хотын хамгийн их гэрлийн бохирдолтой хэсэг бол 3, 4-р хороолол. Баянгол дүүргийн 11-р хорооны Өргөө кино театрын өөдөөс харсан байрны оршин суугч Р.Эрдэнэчимэг “Манай байр замын гэрэл, баар, караокенуудын гэрлаас таван алхмын л зайтай. Шөнө гэрт гэрлээ унтраасан ч цонхоор орж ирэх гэрэл бүхнийг гэрэлтүүлдэг” гэв. Дэлхий дээр шөнийн харанхуй, сарны гэрлийг харж чадахаа байсан хүн олон гэнэ. Европт л гэхэд шөнийн тэнгэрийн гэрлийг хүмүүс хайдаг болжээ. Хүн төрөлхтний хүрээлэн буй орчинд учруулж байгаа энэ мууг засахад үнэтэй. Доктор Киба “Гэрлийг бид зөвхөн хэрэгтэй зүйл рүүгээ л тусгаж үрэн таран хийх учиргүй. Хүний хараа гэрэл биш контраст буюу ялгаралд суурилдаг. Үнэндээ гадаа бага гэрэлтэй байвал хүмүүсийн хараа дээрдэнэ.

LED гэрэл эрчим хүч хэмнэдэг ч судалгаа бидэнд LED сонголт биш болохыг харууллаа. Бид энэ зүг явах учиргүй” хэмээсэн юм.