Индонез улсад ерөнхийлөгчийг доромжлох, гэрлэлтийн өмнө бэлгийн харилцаанд орох зэргийг гэмт хэрэгт тооцохоор тусгасан хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал өчигдөр орон даяар өрнөжээ. Тус жагсаалын үеэр нэг хүн амиа алджээ.

Тодруулбал, Сулавеси арлын Кендари хотод болсон үймээн самууны үеэр 21 настай оюутан цээжиндээ шарх аван, эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан тухай Agence France Press мэдээлэв. 

Орон нутгийн сошиал медиа сувгаар зарим хэрэглэгчид амиа алдсан оюутан нь буудуулж нас барсан хэмээн орон нутгийн удирдлагуудыг түүний үхэлд буруутгаж буйгаа мэдэгджээ. Цагдаа нар тус мэдэгдлийг няцаасан боловч одоо хүртэл оюутан ямар байдлаар цээжиндээ шарх авсан талаар мэдээлээгүй байна. 

Түүний үхэл нь улс орон даяар эсэргүүцэгчид болон үймээний эсрэг цагдаа нарын хооронд гарсан хүчтэй мөргөлдөөний анхны золгүй тохиолдол юм. 

СNN агентлагийн мэдээлснээр гэрлэлтийн өмнөх бэлгийн харилцааг гэмт хэрэгт тооцож, ерөнхийлөгчийг доромжлох болон эмэгтэй хүмүүст үр хөндөлт хийлгэхэд нь тусалсан хүмүүсийг шоронд хорих ял оноох хуулийн төслөөс тус жагсаал үүдэлтэй гэжээ. Жагсагчид Индонезийн авлигатай тэмцэх гол агентлаг болох Авлигыг Устгах Комиссын хараат бус байдлыг сулруулж болзошгүй маргаантай шинэ хуулийг цуцлахыг шаардаж байна. Шинэ хуульд заасны дагуу тус комисс нь бие даасан байхаа больж, оронд нь засгийн газрын дор ажиллах болно гэжээ. 

Уг хуулийн төслийг буцаан татахыг уриалсан олон жагсаал улам бүр газар авсаар байгаа аж.