Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр "Гэрээт малчин гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих", "Зохион байгуулалтай ажлын байрыг дэмжих" зэрэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлэх гэж буй талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мал аж ахуйг дагасан ажлын байр бий болгох зорилгоор "Гэрээт малчин гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" хөтөлбөрийг энэ жил туршилтаар хэрэгжүүлэхээр болжээ. Тус хөтөлбөрт гэр бүлээрээ хөдөө орон нутагт очиж мал маллах залуусыг хамруулна. Гол шаардлага нь заавал гэр бүлээрээ байх ёстой аж.  Мал маллах сонирхолтой гэр бүл малчинтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж буй тохиолдолд "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төлөх юм. Харин малчин тухайн гэр бүлийг малчнаар ажиллуулж буйнхаа төлөө нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөхөөр гэрээндээ тусгасан бол мөн "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-гаас 50 хувийг нь төлөх юм байна.

Тус хөтөлбөрийг эхний нэг жилд туршилтаар хэрэгжүүлж үзэх ба үр дүн сайн байвал цаашид бүх аймаг, сумдад хэрэгжүүлнэ гэдгийг ХНХ-ын сайд мэдээллийнхээ үеэр хэллээ.

Сайд С.Чинзоригийн мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.