Хатуу хөл хорио тогтоосон энэ үед бидний олонх нь гэрээсээ ажиллаж буй. 

Ажлаа хийхийн тулд гэрээс гарах шаардлагагүй, хүүхдүүд таны хараа хяналтад, гэр цэвэрхэн, хоол ундтай гээд гэрээсээ ажиллахын давуу талууд бас бий.

Гэхдээ тодорхой төлөвлөгөө, зохион байгуулалт хийхгүй бол офиссоос ажилласнаас үр бүтээл багатай байх, эсвэл хэт удаан хугацаагаар ажиллах зэрэг сөрөг талуудтай.

Иймд гэрээсээ хэрхэн үр бүтээлтэй ажиллаж, өөрийгөө хөгжүүлж, хайртай хүмүүстээ илүү цаг гаргах талаар уншигч танд зөвлөж байна.


Ажлын хэсэгтэй бол.


Гэрээс хийж байгаа ч гэсэн ажил л бол ажил. Тиймээс шаардлагад нийцсэн байх хэрэгтэй. Тааралдсан газраа ажиллах биш өөрт тохирсон жижиг хэмжээний ажлын хэсэгтэй бол. Үүнээс гадна хүн ажилд явахдаа самнаагүй арзайсан үстэй, үрчийсэн, халтар хувцастай явдаггүй. Тиймээс өөрийгөө тордож, өөрт эвтэйхэн хувцас өмсөөрэй.


Өдрийн төлөвлөгөө гарга.


Хэрэв та бүтэн өдрийн турш хийх ажлаа төлөвлөвөл танд илүү хялбар байх болно. Та зөвхөн ажлаа хийхээс гадна хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөж, өөрийн дуртай зүйлдээ цагаа зарцуулж болох юм. Харин өдрийг төлөвлөхдөө хүүхдийн горимд суурилан гаргах хэрэгтэй.


Ажлаа төрөлжүүлж хуваа.


Хамгийн хүнд, анхаарал шаардсан ажлыг хүүхдийн унтаж байх үед хийх нь зохистой. Харин үе үе ажлаа орхиж, сатаарах боломжтой ажлыг хүүхдийнхээ хажуугаар хийж байгаарай.


Гэрээ аюулгүй болго.

Хүүхэддээ зориулж гэр доторхоо аюулгүй болго. Гэнэтийн ажил гарч, яаралтай хийх хэрэг гарах үед хүүхэд цонх онгойлгож, хаалганд гараа хавчихгүй байх бүх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.


“Ээж/аав завгүй” гэсэн тэмдэг зохио.

Юугаар ч уг тэмдгийг хийж болно. Жишээлбэл, улаан өнгийн шоо. Энэ бол “зогс” гэсэн тэмдэг байх болно. Та үүнийг тогтмол хэрэглэж, хүүхэддээ зааж сургаснаар хүүхэд тухайн тэмдгийг хараад таныг завгүй, ажилтай байгааг мэдээд саад болохгүй, өөрийгөө сатааруулаад явах юм.


Хүүхэддээ анхаарал хандуул.


Хүүхэдтэйгээ өнгөрөөх цагийг гарга. Түүнтэй хамт ном уншиж, тоглож, зураг зур, хичээлийг нь хийлгэ. Ингэснээр хүүхэд өөрийгөө тоогддоггүй, ганцаардмал байдлыг мэдрэхгүй байх учир таны анхаарлыг татах гэж хичээхээ болино.


Ажлаа хийж байх үедээ хүүхэддээ тоглох боломжийг бүрдүүл.

Хүүхэддээ бие дааж, ганцаарчилж хийж болох тоглоомуудыг олж бэлдээрэй. Мөн түүний хүрэх газар будгийн харандаа, ном, эвлүүлдэг тоглоом зэргийг байрлуулаарай. Хүүхэд нэг тоглоомоос уйдаж эхлэх үед дараагийн сонирхолтой тоглоомыг санал болго. Харин хүүхэлдэйн кино зэргийг хязгаарлах хэрэгтэй (яаралтай тохиолдолд ашиглаарай).