Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүнд суртлыг багасгах, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх, хорооны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилготой Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/918 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12-р хорооны иргэд, залуучуудтай тус хорооны Иргэний танхимд уулзалт зохион байгуулж, тэдний санал, хүсэлтийг сонслоо.

Уулзалтын үеэр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир залуучуудын хөгжлийн чиглэлээр 2018 онд хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав.

Нийслэлийн Гэр хорооллын  дэд бүтцийн газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын холбогдох мэргэжилтнүүд хотын ерөнхий төлөвлөгөө болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. Дараагийн уулзалтаар иргэд тус хороонд цэцэрлэг, сургууль байгуулах, мөн түрээсийн орон сууцны талаар мэдээлэл авахыг хүслээ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.