Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  холбогдох газар, агентлагийн дарга нарын хамт өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв” төслийн явц, байдалтай танилцаж, иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын гудамжны 13,14,15 дугаар хэсгийн нийт 200 өрхөд Нийслэлийн төсөв, хөрөнгөөр “Сервис центр” буюу “Гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Нөгөө талаас эдгээр 200 өрх “Дулаалгын аян”-ы гэрээг хийж, гэр, байшингаа дулаалах үүрэг хүлээсэн байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  хэлэхдээ “Нийслэлийн зүгээс 2018 онд гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн аятай тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийж буй цоо шинэ ажлын хамгийн анхных болох “Сервис центр” буюу дэд бүтцийн төвийг байгуулах ажлыг түүчээлж байгаа иргэддээ баярласнаа илэрхийлье. Нийслэлийн тулгамдсан асуудал болсон агаар, хөрсний бохирдлыг бууруулахад нэн түрүүнд орон сууцжуулах нь чухал. Үүнийг хэрэгжүүлэхэд маш их хөрөнгө шаардлагатай. Хот төлөвлөлтийн тооцоогоор Улаанбаатарын гэр хорооллын 202 мянган өрхийн 40 мянга орчмын дулааныг цахилгаанд холбож шийднэ. Үлдсэн өрхүүдийг бусад эх үүсвэрээр халаах юм. Хамгийн гол шийдэл нь “Сервис центр” гэж үзэж байна.

Улаанбаатар хотын төвөөс алслагдсан, төвлөрсөн дулаан, бохирын систем очих боломжгүй газруудад иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн “Сервис центр” байгуулах шинэ бодлого гарган ажиллаж байна. Нийт 11 байршилд судалгаа хийсэн. Эндээс 2018 оны арваннэгдүгээр сард “Сервис центр” байгуулж дуусгах хоёр байршил сонгосон. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороон дахь байршил юм. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд хоёр дахь байршил нь байгаа. Өөрийн эзэмшил газар дээрээ, орчин үеийн чиг хандлагаар хүмүүс яаж амьдарч болохыг эндээс харуулахыг зорьж байгаа юм. Үүнийг ганцхан хотын төсвөөр хийхгүй. Иргэдийн оролцоотой хийнэ. Энэ ажлыг хамтран бүтээхэд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны иргэддээ маш их итгэл найдвар тавьж байна.

Нэг айлын дулаан, цэвэр, бохир усны асуудлыг шийдэхэд 60 орчим сая төгрөг зарцуулна. Үүнийг нийслэлийн төсвөөс гаргаж хийнэ. Төв шугамаас салбар шугамаа байшин руугаа оруулах, байшингаа дулааны алдагдалгүй болгох, дотоод сантехникийн тохирох шийдлүүдээ сонгох гэсэн ажлуудыг иргэд өөрсдөө хийнэ.

Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд төсөлд хамрагдаж байгаа өрхүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно. Байшингаа дулаалах зардлын 70 хувийг Дэлхийн банкны төслөөс, 30 хувийг иргэд өөрсдөө гаргая гэж байгаа. Сантехникийн шийдэл, бусад асуудлаа шийдвэл Улаанбаатар хотын Худалдааны танхим, Хас банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ногоон сангаас хөнгөлөлттэй зээл олгоно. Иргэд урин дулааны цагт эдгээр ажлаа хийх хэрэгтэй. Шийдэл гарсан, хүлээх зүйл байхгүй. Иргэд, төр засаг, нйислэл, хувийн хэвшил хамтарч энэ асуудлыг шийднэ.

Анхны энэ ажил амжилттай болбол хүмүүсийг араасаа дагуулна. Иргэд тэвчээр гаргаж, боломжоо дайчилж үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө ажиллаасай гэж хүсч байна. Хэдэн үеэрээ амьдрах сайхан амьдралаа бид өөрсдөө цогцлоох ёстой” гэлээ.

Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ч.Батбилэг хэлэхдээ “Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв” төсөл хэрэгжихэд бэлэн боллоо. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага,нийслэлийн гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, НИТХ-ын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт тусгасан үндэслэлүүдээр “Гэр хорооллын дэд бүтцийн төв” төсөл хэрэгжиж эхэлнэ.

НИТХ-ын 2018 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт нийслэлийн гэр хорооллыг 3 бүс болгон хөгжүүлэхээр тусгасан. Төвийн бүсийн гэр хорооллыг  төвлөрсөн шугам сүлжээнд холбосон өндөр давхар орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ. Дундын бүсийн гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв төслөөр хөгжүүлнэ. Захын бүсийн гэр хороолол буюу уулын орой хэсгээр байгаа бүсийг технологийн бүс гэж зарласан. Айл бүр дээр технологийн шинэ шийдэл нэвтрүүлнэ” гэв.

“Гэр хорооллын дэд бүтцийн төв” төслийг айл өрхийн 80-аас дээш хувь дэмжсэн тохиолдолд хэрэгжүүлж байгаа бөгөөд цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбоо дохиолол гэсэн үндсэн таван шугамыг энэ төслөөр айл өрхүүдэд ойртуулж өгөх юм байна. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд технологийн шийдлүүдийг гаргажээ. Дулаан хангамжийг сайжруулсан түлш, цахилгаан зуух гэсэн хосолмол байдлаар шийдэх ажээ. Бие даасан бохирын системийг цэвэрлэх байгууламжаар шийдэхээр болсон байна. Төвийн усан болон цахилгааны хангамжаар хангагдах юм байна. Төвийн ажлыг 5 дугаар сард эхлүүлэхээр болжээ.

Албаныхан Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг сонссон.

Иргэн Д.Баатар: -Би энэ хороонд 25 жил амьдарч байна. Өмнөх жилүүдэд манай дүүрэг, хороонд дорвитой өөрчлөлт гараагүй. Тэр өөрчлөлт өнөөдөр гарч, баярлаж байна. Нийслэлийн удирдлага, Чингэлтэй дүүрэг, хорооны дарга нарт талархаж байгаагаа илэрхийлэе. Талархахаас гадна анхаармаар зүйл ч бий. Дэд бүтцийн төвийн хөрөнгө мөнгө нийслэлээс гарч байгаа ч гэсэн иргэд бид өөрсдөө энэ ажилд бүх талаар идэвхтэй оролцож, тусалж дэмжих хэрэгтэй. Иргэд хойш суувал энэ сайхан ажил зогсоно шүү. Ирээдүйнхээ, үр хүүхдийнхээ төлөө энэ ажилд идэвхтэй оролцоорой л гэж иргэдээ уриалж байна.

Иргэн Д.Баяраа: -Дэд бүтцийн төв нээгдэж байгаад баяртай байна. Энэ газарт би 20-оод жил амьдарч байгаа. Бид ам бүл 5-уулаа. Байшингаа тохижуулаад орон сууц шиг амьдарвал сайхан байлгүй яах вэ. Энэ ажилд чадлын хэрээр оролцоно.

Иргэн Б.Уранчимэг: -Манайх энэ хороондоо 20 шахам жил амьдарч байна. Гэрт суудаг. Ам бүл 13-14-үүлээ, хашаандаа гурван өрх байдаг. Бараг ихэнхдээ арван хэдүүлээ нэг гэртээ байдаг даа. Байшинтай, боломжийн амьдралтай болно гэж бодож байгаа. Энэ ажлыг дэмжиж гэрээ байгуулсан.

Иргэн А.Отгонбаатар: -Амьдрал их л гоё болно гэж бодож байна. Манайх энд бараг 30 жил амьдарч байна. Хүүхдүүд том болж тусдаа гарсан, ам бүл хоёулаа байгаа. Жижиг байшинтай. Одоо дулаалгаа хийгээд, цэвэр, бохир усаа шийдээд их л гоё болох нь гэж харж сууна. Росторг гэж компанитай яриад хэрэгтэй материалаа авахаар болоод байгаа.

Иргэн Ж.Гантөмөр: -Манайх энд 20 гаруй жил амьдарч байна. Дандаа олон жил болсон айлууд бий. Манайх байшинтай, байшингаа сайжруулна гэж бодож байна. Бүгдээрээ энэ сайхан боломжийг ашиглах хэрэгтэй. Сайхан болно. Аль болох сайхан амьдрахын төлөө л явна даа хэмээн иргэд уулзалтын үеэр хэлж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.