Хүчирхийлэл гэж юу вэ, хүмүүсийн олонх нь энэ талаар буруу ойлголттой байдаг

Хүчирхийлэл нь зөвхөн бэлгийн амьдралын талаарх мэдлэгтэй насанд хүрсэн хүмүүсийн хооронд үүсдэг бэлгийн албадан харилцааны тухай ойлголт биш юм. Хүчирхийллийн хэлбэрүүд олон төрөл бөгөөд хүмүүс нас, хүйс, мэргэжил харгалзахгүй өртөх эрсдэлтэй. Манай улсын хувьд хүчирхийлэл ихэвчлэн гэр бүл болон ажлын байранд гардаг. Үүний хохирогчид нь ихэнхдээ эмэгтэйчүүд байдаг. Харин жендерийн хүчирхийлэлд өртөгсдийн олонх нь хүүхэд, эмэгтэйчүүд байдаг бол эсрэгээрээ хүчирхийлэгч үйлдэгчийн 90 хувь эрэгтэйчүүд байдгийг судалгаагаар тогтоожээ.


Хүчирхийллийн үндсэн 4 хэлбэр байдаг. 

Тодруулбал,

1. Бие махбодийн хүчирхийлэл / биед нь гэмтэл учруулах, цохих, зодох гэх мэт/

2. Сэтгэл санааны хүчирхийлэл /мөрдөх, мөшгих, гутаан доромжлох, заналхийлэх гэх мэт/

3. Эдийн засгийн хүчирхийлэл / цалин тэтгэвэр тэтгэмжийн ашиглах зарцуулах эрхэд халдах, хэрэгцээг нь хясан боох, эдийн засгийн хараат байдалд оруулах гэх мэт / 

4. Бэлгийн хүчирхийлэл / бэлгийн шинжтэй үйлдэлд албадах, хүсээгүй байхад нь бэлгийн дур хүслээ хангах гэх мэт /

Хүчирхийллийн тухай буруу ойлголтоос болоод хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй, түүнийг мэдэгддэггүйгээс шалтгаалж хүчирхийллийг өөхшүүлэх, давраах хандлага нийгэмд байна. 

Хэн нэгэн таныг элдэв үгээр доромжлон, чанга хашгичан харьцвал та хүчирхийлэлд өртөж байна гэсэн үг бөгөөд хуулиар өөрийгөө өмгөөлүүлэх, хамгаалуулах эрхтэй. 

Гэр бүлийн хүчирхийллийг маргаан тө­дий зүйлээр ойлгодог. Үүнээс болж хүчирхийлэл улам даам­жирч, гэмт эт­гээ­дийг өөх­шүүл­дэг. 

Энэ төрлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн зарим нь энэ тухайгаа ойр дотны хэн нэгэн, найз нөхдөдөө хэлдэг бол нөгөө хэсэг буюу дийлэнх нь хэнд ч хэлдэггүй, нуун дарагдуулдаг байна. Энэ байдал нь ийм төрлийн хүчирхийлэл газар авах, нэмэгдэх нэг шалтгаан болдог. 

Гэр бүлийн хүчирхийлэл нэг л удаа үйлдэгдсэн бол заавал:

  1. Давтагддаг
  2. Даамжирдаг
  3. Далд үйлдэгддэг байна.

2017 онд хийсэн судалгааны дүнгээс харахад гэр бүлийн хүчирхийлэл маш бага буюу хүн амын нэг хүрэхгүй хувь нь бүртгэгдсэнд асуудлын учир бий. 

Үүний шалтгаан нь судалгаанд оролцсон хүмүүсийн 25.9 хувь нь гэр бүлийнх нь нэр хүнд унахаас айсан, 20.9 хувь нь хүчирхийлэл байдаг л зүйл буюу ноцтой асуудал биш гэж хариулсантай холбоотой. Мөн хаана хандахаа мэдэхгүй, гэр бүлийн салалт, учирч болох аюул занал, үр дагавар буюу хүчирхийлэл улам нэмэгдэх байх гэсэн айдастай байдгаа дурджээ. Энэ бол эмзэглэмээр бас зайлшгүй анхаарах ёстой асуудал юм.

Цагдаагийн ерөнхий газ­раас гаргасан судалгаанаас харахад сүүлийн гурван жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 49 эмэгтэй амиа алдсан. Гэхдээ энэ бол зөвхөн мэдэгдэж байгаа нь. Мэдэгдэхгүйгээр хэчнээн хүн амиа алдаж, хохирч байгааг таах аргагүй. Гэхдээ мэдэгдэлгүйгээр, далдаар үйлдэгдэж л байдаг. Бид ч мэддэг.

“Эр, эмийн хооронд илжиг бүүр жороол” гээд мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн өнгөрүүлдэг байсан цаг саяхан. Одоо ч тийм хандлага мэр сэр бий 

Сайшаалтай нь хүчирхийллийг харсан хэрнээ холбогдох газарт нь мэдээллээгүйн улмаас хүчирхийлэлд өртөж буй хүмүүст учирч болох эрсдэл, улмаар амь насаа алдах ч аюултайг ойлгож, мэдэгддэг тохиолдол нэмэгдэж буй. Гэхдээ хангалттай хэмжээнд биш.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж буй эмэгтэйчүүд хүчирхийлэгчийн "Би засарна, ухаарна, дахин тэгэхгүй, уучлаарай, гэмшиж байна, хайртай" гэж хэлсэн үгэнд итгэж, бас хууртаж илүү аюултай эрсдэлд ордог. Иймд хүчирхийлэл нэг л удаа үйлдэгдсэн болон үйлдэхийг завдсан тохиолдолд арга хэмжээ авах шаардлагатай. 

Учир нь дуур дурдсанчлан гэр бүлийн хүчирхийлэл нэг л үйлдэгдсэн заавал давтагддаг, даамжирдаг. Сүүлдээ байдаг л зүйл мэт болон хувирдаг.

Та ямар нэгэн хэлбэрээр хүчирхийлэлд өртөж байгаа бол яг одоо түр хамгаалах байр, хүчирхийллийн эсрэг үндэсний төв /70119949/, цагдаагийн газар /102 утсаар эсвэл өөрт хамгийн ойр байгаа цагдаагийн байгууллага/, хороо дүүргийн нийгмийн ажилтан зэрэгт хандаарай. Тэгснээр ирээдүйд учирч болох том эрсдэлээс сэргийлэх боломжтой юм. 

Бие биеийнхээ эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцох, эрүүл харилцааг эрхэмлэх нь зүйтэй.