"ДЦС-4” ТӨХК дээр эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх талаар харилцан туршлага солилцох зорилготой "ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” сэдэвт эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилэв.

Жил бүр цахилгаан болон дулааны эрчим хүчний хэрэглээ 5-8 хувиар нэмэгдэж байна. 2018 оны эхний хагас жилийн байдлаар 3.3 тэрбум кВт.ц цахилгаан, 4.6 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн, импортоор 114.2 сая кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч, нийтдээ 483.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цахилгаан эрчим хүчний хэрэглээ 10.5 хувиар, дулааны эрчим хүчний хэрэглээ 3.6 хувиар нэмэгджээ.

Зөвлөгөөний үер Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван "Монгол Улсын Засгийн газраас 2016-2020 онд Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгож дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилгоор "Дулааны Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл”, "Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын №1-4 турбингенераторын шинэчлэл” төслүүдийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр, "Тавантолгойн цахилгаан станц”, "Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөл” төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн механизмаар хэрэгжүүлэхээр Засгийн газрын зохих шийдвэрүүд гарсан. 

"Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар нэмэгдүүлэх”, "Улаанбаатар - Мандалговийн 330 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих”, Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр, "Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвүүдэд дулааны эх үүсвэр, дулааны шугам барих” төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр Засгийн газрын түвшинд шийдвэрлэсэн. 

Ойрын дунд хугацаанд Тавантолгойн, Багануурын дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, системийн горим тохируулах Эгийн голын усан цахилгаан станцыг барьж ашиглахаар төлөвлөж байна” гэдгийг хэллээ.  

Энэхүү зөвлөгөөнөөс эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах бөгөөд, зөвлөмжийг эрчим хүч үйлдвэрлэгчид мөрдөж ажиллах юм байна.


Эх сурвалж: Эрчим хүчний яам