Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 мкв газрын "Номин холдинг" ХХК-д олгосон нь иргэдийн бухимдлыг төрүүлээд буй. Тус дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан ч уг газрыг зөвшөөрлийг цуцлах хүсэлтээ хотын даргад уламжилжээ.

Уг асуудалтай холбогдуулан тус компанийн зүгээс заналхийлсэн мессэж илгээсэн нь нийгмийн сүлжээнд тархаад байгаа билээ. 

Тэгвэл уг асуудал дээр "Номин реалтор" ХХК гүйцэтгэх захирал Г.Энх-Амгалан мэдэгдэл хийлээ.

Г.Энх-Амгалан:


Болсон үйл явдалтай холбогдуулан манай компанийг маш ихээр буруутган зэмлэж байна. Иргэдийг айлган сүрдүүллээ, ногоон байгууламжид халдлаа, бусдын газрыг дээрэмдлээ, ургасан модыг тайрлаа гэсэн нь ор үндэсгүй мэдээлэл тараалаа. 

120 мянгат орчмын иргэд тэмцдэгээрээ маш алдартай. Ийм учраас бид уг газар дээр томоохон төсөл хэрэгжүүлэхийн тулд нэлээд төсөвтэйгээр аль аль талдаа ашигтай шийдэхээр энэхүү төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Манай төсөл үндсэндээ 1 дүгээр хорооны 16 дугаар байрны нарыг хаана. Иймээс НИТХ-аас гарсан журмын дагуу тэр орчмын иргэдийн саналыг авах ёстой. Журмын дагуу иргэдээс санал авчихсан. Ний нуугүй хэлэхэд бид тухайн байрны нарыг нь хааж байгаа учраас 16 дугаар байрны иргэдэд санал тавьсан. Саналд байрыг байраар нэмээд 5 мкв мөн тодорхой тооны мөнгөн болон бараа материалын бартер санал болгосон. Энэ байрны одоогийн байгаа ханш нь 100 сая төгрөг. 2 жилийн дараа манай төсөл хэрэгжсэний дараа уг байр нь цоо шинэ бас үнэ цэн нь өснө. Тиймээс иргэд зөвшөөрөөд гэрээ байгуулаад явж байна. 15 дугаар байрны хувьд манай төслөөс шалтгаалан нар халхлахгүй. Гэхдээ журмын дагуу иргэдээс санал авсан. 

Бүтээн байгуулалтын ажил өрнөх учраас иргэдийн амгалан тайван байдал алдагдана. Тийм учраас бид та бүхэнд хөлс төлье гэсэн санал тавьсан. 5-6 сая орчим төгрөг орчим болно. Зарим иргэд зөвшөөрсөн ч зарим нь эсэргүүцсэн.  Бид ямар ч ногоон байгууламж устгаагүй. Зарим иргэд өөрсдөө хүний эзэмшлийн газар дээр мод тарьчихаад үүнийгээ 20-30 жилийн өмнөх ногоон байгууламж гэж мушгин гуйвуулж бусдыг турхираад байна. Тийм учраас хүмүүсийг хэдэн жилийн өмнөх зургийг google earth-ээс хараарай гэж хэлмээр байна.

Манай компанийг эсэргүүцсэн иргэдэд үр хүүхдийг нь заналхийлсэн мессэж очсон гэх мэдээ мэдээлэл сошиал орчинд хүчтэй явж байна. Мессэж явсан он сарыг сайн харвал зөрж байна. Өөрөөр хэлбэл бид тухайн үед иргэдийг гуйгаад явсан үе л дээ. Үүгээрээ иргэдэд "Номин холдинг" ХХК заналхийлсэн мэтээр ойлгуулсан. Тиймээс бид тухай гар утасны дугаарыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан.  Энэ бүх үйл явцыг хараад шантаажны бизнес арай дэндүү хөгжсөн юм байна гэж харлаа. 2016 оны байдлаар Ногоон байгууламж баригдаагүй байсан зургыг хавсаргав.