Хойд Америкийн Олон улсын автомашины үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Hyundai” компанийн “Genesis G70” автомашин оны шилдэг автомашинаар тодорлоо.

Харин ачааны жийп төрөлд шилдэг автомашинаар 2019 оны “Dodge RAM 1500” загвар тодорсон байна. Тус автомашины хүчтэй өрсөлдөгч нь “Chevrolet Silverado” болон “GMC Denali” байсан юм.

Автомашины үзэсгэлэнгийн шүүгчид 2017 онд ачааны эсвэл энгийн зориулалтын аль алинд багтдаггүй олон төрлийн автомашин байдаг гэж үзсэний үндсэн дээр “оны хамгийн хэрэгцээтэй, үр ашигтай автомашин” гэсэн шагналыг бий болгосон бөгөөд энэ төрөлд “Hyundai” компанийн “Kona” автомашин шалгарчээ.

“Genesis” автомашины олон улсын борлуулалт хариуцсан захирал Манфред Фицджеральд “энэ бол бидний хувьд үнэхээр ач холбогдолтой шагнал юм. Энэхүү брэндийг гаргаснаас хойш гуравхан жилийн дотор ийм нэр хүндтэй шагнал хүртэнэ гэж төсөөлж байгаагүй, төсөөлөхийн ч аргагүй амжилт байлаа” гэж тэрбээр шагнал гардан авч үг хэлэхдээ хэлсэн юм.

Уг шагналыг анх 1994 оноос олгож эхэлсэн бөгөөд шинэлэг санаа, загвар, аюулгүй байдал, жолоодлого, жолоочийн сэтгэл хангалуун байдал, үнэ цэнэ зэргийг харгалзан үзэж, оны шилдэг машиныг тодруулдаг. Үүний зэрэгцээ “цоо шинэ” эсвэл “эрс өөрчлөлт, шинэчлэлт хийсэн” автомашинууд уг шагналыг хүртэх эрхтэй байдаг ажээ.

Хойд Америкийн Олон улсын авто машины үзэсгэлэн нэгдүгээр сард зохион байгуулагдаж байгаа сүүлийн үзэсгэлэн нь энэ юм. 2020 оноос тус үзэсгэлэн жил бүрийн зургадугаар сард зохион байгуулагдаж байна. Ирэх жилийн автомашины үзэсгэлэнд 60 гаруй орны 5000 орчим сэтгүүлч оролцохоос гадна шинээр гарсан 30 гаруй автомашин болон өөр бусад 750 автомашиныг олон нийтэд танилцуулах аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua