АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “General Motors” компани хойд Америк дахь таван үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөж байгаа тухай компанийн төлөөлөгч мэдээлэв. Ингэснээр 14 мянга гаруй ажлын байр үгүй болох ажээ.

Компанийн мэдэгдэлд тэмдэглэснээр, ирэх 2019 оны эцэс гэхэд гурван үйлдвэрээ хаах аж. Энэхүү шийдвэр нь тус компанийн автомашины борлуулалт буурч, өртөг өссөнтэй холбоотойн зэрэгцээ тус компани ачааны тэрэг хийгээд цахилгаан болон автомат жолоодлоготой автомашины үйлдвэрлэлдээ гол анхаарлаа хандуулахаар болсон байна.

Хойд Америкийн худалдан авагчид жижиг автомашинаас илүү бага оврын жийп болон ачааны тэрэг зэргийг сонирхох болсон нь компанийн борлуулалт буурахад ихээхэн нөлөөлсөн юм. Эдгээр автомашинууд нь АНУ-ын автомашины худалдааны 70 орчим хувийг бүрдүүлэх болжээ.

“Манай компани цаашид эрэлт өсөх хандлагатай байгаа цахилгаан болон автомат жолоодлоготэй тээврийн хэрэгслийн салбарт хөрөнгө оруулахыг хүсч байна” гэж “General Motors” компанийн гүйцэтгэх захирал Мэри Тереза Барра мэдэгдсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, bbc.com