"Гарааны бизнес амаргүй, төрөх өдрөө хүртэл ажиллаж байж л бизнесээ босгосон. Монгол хүнд чанартай, боломжийн үнэтэй хувцас хүргэхийг хичээж ирсэн. Импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид хийж чадна гэдэгт итгэдэг" хэмээн ярьсан түүнийг "We brand"-ийг үүсгэн байгуулагч Г.Дэлгэрсайхан гэдэг. 


Үндэсний загварын хувцасыг “трэнд” болгож чадсан үйлдвэрлэгчдийн нэг тэрбээр ковидын хямралын нөлөөгөөр бизнесээ хаахад хүрээд байгаа юм.  Түүнтэй ярилцлаа.


-Бизнесээ хааж, дампуурлаа зарлах нь гэж нийгмийн сүлжээнд бичсэн байсан. Энэхүү шийдвэрээ гаргахад хамгийн их нөлөөлсөн зүйл юу байв?

-Ноднин өдийд гэхэд бид цагаан сарын бэлтгэлээ гурван сарын өмнөөс хангачихсан байсан. Бүтээгдэхүүний зураг авалтаа хийгээд дуусахад л улс даяар үйл ажиллагааг хязгаарлаад эхэлсэн. Ингээд л хөл хориотой нүүр тулсан юм. Үйлдвэрлэгчид яг л ижилхэн хүнд байдалд орсон доо. Гол асуудал нь түрээс, ажилтны цалин, татварын дарамт. Эдгээрээс шалтгаалж асуудал хүндэрсэн учраас хаалгаа барихаар шийдсэн.

Хүмүүс сүүлийн хэдэн сарын хатуу хөл хорио эдийг засгийг хүндрүүллээ гэж ойлгоод байх шиг байна. Яг үнэндээ өнгөрсөн жилийн өдийд цагаан сарыг хорьж эхэлсэн тэр цагаас л энэ хямрал эхэлсэн. Бүтэн нэг жил өнгөрчихсөн байна шүү дээ.  Урт хугацаа учраас бизнесүүдэд үнэхээр хүнд туслаа. 

Цар тахлыг дотроо алдаагүй үедээ үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг хэвийн байлгах тодорхой арга хэмжээ авсан бол над шиг үйлдвэрлэгчид үүд хаалгаа барихад хүрэхгүй.



-Аль хэдийн хэрэглэгчтэй болсон брэндийн хувьд дампуурлаа зарлах нь амаргүй шийдвэр байсан болов уу?

-Энэ шийдвэрийг гаргахаас өмнө нэлээд удаан бодсон, эргэлзсэн. Бас тэсэж үлддэг юм билүү гэж гүрийж ч үзлээ. Үнэндээ цаашид үйл ажиллагаа явуулах гэхээр асар их хэмжээний алдагдалд орохоор байна. Тиймээс л ийм шийдвэрийг нэлээн бодож гаргалаа.


-Хөл хорионы хугацаанд ажилтнуудынхаа цалинг өгч байсан уу?

-Оёдлын салбарт сайн оёдолчин олж аваад тогтооно гэдэг амаргүй байдаг юм, оёдлын машинтай байхад хаана ч ажиллаад хоолоо олчихдог учраас. 

Ажлын байраа хадгалах гэж оёдолчдоо алдахгүйн тулд, цалинг нь таслахгүй өгөхийг хичээж ирлээ.

20-30 хүний цаана олон хүний амьдрал бий. Ихэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд. Эдийн засгийн хүнд цохилтод орж над шиг сандарч, барьц алдаж байгаа олон үйлдвэрлэгч бий.

Ковид төсөөлөөгүй эрсдэл үүсгэж, найдвар тавьж суусан бизнес эрхлэгчид хүнд хэцүү үеийг даван туулж байна

-Та бүхэн үндэсний загварын хувцас дагнан үйлдвэрлэдэг. Наадам, цагаан сараар борлуулалт хийгдээгүй гэхээр тэр хэмжээгээр борлуулагдаагүй хувцас үлдсэн үү?

-Цагаан сараар үндэсний загвартай хувцасний эрэлт маш их байдаг. Тиймээс үйлдвэрлэгчид хэдэн мянгаар нь оёж бэлддэг юм. Сезоны үеэр үндсэн ажилтнуудаас гадна гэрээт ажилтан авч, жижиг цехийг ажлаар хангаж нөөцөө бүрдүүлдэг. Гэтэл өнгөрсөн жил цагаан сарын загварынхаа 10 хүрэхгүй хувийг л борлуулсан. 

Тэгэж их цаг зав, мөнгө зарцуулсан бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд 4-5 удаа хямдрал зарлалаа. Заримыг нь үндсэн өртөгөөсөө ч доогуур үнээр хямдаар зарсан, одоо ч зарж борлуулж байна.


-Иргэдийн худалдан авалтын чадамж тааруу байна гэж дүгнэж болох уу?

-Ковидын дараа хүмүүсийн худалдан авах чадвар эрс буурчээ. Өдийд гэхэд цагаан сарын худалдан авалт ид оволзож байдаг үе шүү дээ. Бид нэг ширхэг бараагүй болтлоо бараагаа зарж борлуулдаг. 

Гэтэл өнөөдөр бидний бараа бүтээгдэхүүн хоёр жилийн өмнөхөөс гурав дахин бага үнэтэй байхад л худалдан авалт хангалтгүй. 

Манай брэндийн чанарыг мэддэг үнэнч хэрэглэгч нар маань зорин ирж үйлчлүүлж байна.


-Өөрийг чинь сошиал орчинд дэмжсэн үгс цөөнгүй харагдсан. Тэр үгсээс юуг хамгийн ихээр ойлгов?

-Үнэхээр аргаа бараад л хаалга барих нь ээ гээд пост оруулсан.  Араас нь төсөөлөөгүй олон хүнээс эерэг зурвас ирсэнд чин сэтгэлээсээ баярласан шүү. “Зүгээрээ тэсээрэй, удахгүй хөл хорио тавигдана аа”, Хүргэлт байна уу, танай бүтээгдэхүүнээс авмаар байна” гээд л дэмжсэн, урам хайрласан. Постыг маань үндэсний үйлдвэрлэгчээ дэмжээрэй гээд л зөндөө шэйр хийсэн байна.

Тэр олон сэтгэгдлийг уншаад буруу шийдвэр гаргасан мэт мэдрэмж төрдөг юм байна. 

"Цагаан сарын дараа ажилдаа явна аа" гэдэг ч юм уу өөдрөгөөр бодлоо. /инээв/ Гэхдээ яах ч аргагүй бодит нөхцөл байдал дээр амаргүй байгаа учраас хэсэгтээ зогсох нь. 

Өдийг хүртэл дэмжиж, бүтээгдэхүүнийг маань одоо ч гэсэн зорин ирж авч байгаа бүх хүнд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.


-Бизнесээ дахин эхлүүлэх талаар бодож байна уу?

-Гомдсон хүүхэд шиг хэзээ ч чадахгүй гэж урвагнана гэж юу байхав. Энэ бол нөхцөл байдлаас хамааран гаргахаас аргагүй шийдвэр.

Ковид намжингуут л хүмүүс шууд худалдан авах чадвартай болчихгүй. Лав л хоёр жил иймэрхүү байдал үргэлжлэх магадлалтай гэж сонссон. Гарааны бизнес эрхлэгчдийн хувьд хоёр жил гэдэг асар их хугацаа.  

Авч үлдсэн зүйл маань We brand гэсэн нэр маань. Сайн цаг ирэхээр дахиж эхлүүлнэ дээ.


-Ер нь ЖДҮХС-аас зээл авах гэж оролдож үзэв үү?

-Бидэн шиг гарааны бизнес эрхлэгч нарт олддог зүйл биш гэдгийг ойлгосон. Уг нь авах гэж үзсэн, үйл ажиллагаа тогтворжсон, бүх шаардлагыг нь хангасан гээд бардам явж байлаа. Гэтэл шалгуур шаардлагыг нь хангана гэж амар биш юм билээ. 

Үл хөдлөх хөрөнгийн барьцаа хүртэл шаардана. Гэтэл дөнгөж бизнесээ эхэлж байгаа хүмүүст ямар байшин барилга байх билээ. 

Уг нь олддог бол маш бага хүүтэй, бизнестээ оруулбал өндийгөөд л босоод ирэхээр дэмжлэг л дээ. 

Би өөрийгөө л яриад байгаа юм биш. Над шиг бор зүрхээрээ зүтгэж байгаа хэдэн мянган залуус бий. Цааш цаашдаа тэдгээр залуусаа дэмжих төрийн бодлого хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.


-Засгийн газраас бизнесүүдийг дэмжсэн хэд хэдэн шийдвэр гаргасан. Хэр нөлөө үзүүлсэн бэ?

-Үнэндээ бараг нөлөө үзүүлээгүй. Ашиглалтын зардал гарааны бизнес эрхэлдэг хүмүүст сүрхий нөлөөлдөггүй. Түүний оронд татвар татаас дээр жаахан ч гэсэн дэмжлэг үзүүлсэн бол ихээхэн нэмэр болох байсан.