УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Дамдинням үг хэлэх үеэрээ "Ордон руу явж байтал УИХ-ын гишүүн намайг зам дээр 30 минут зогсоосон" гэсэн нь олны шүүмжийг дагуулаад буй.

Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан хэлсэн үгэндээ уучлал гуйжээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Иргэдээс ирж байгаа хүний эрхийн зөрчил, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлт, УОК-ийн үүрэг чиглэлийн биелэлтэд гарч байгаа асуудлаар үг хэлэхдээ Цагдаа зогсоосон талаар зохимжгүй жишээ авсанд минь УУЧЛААРАЙ. Олон түмний санал шүүмжлэлийг авч хичээн ажиллах болно" гэжээ.

Тэрээр чуулганы нэгдсэн хуралдаанд "... ХЗДХ-ийн сайдад хэлэхэд зам дээр ажиллаж байгаа хууль хүчний байгуулагынханд баярлаж байна. Гэхдээ өчигдөр УИХ-ын гишүүн би Ордонд цуглах ажил зарлагдаад очих гээд явж байтал намайг зам дээр 30 минут зогсоосон. Тэгэхдээ харилцаа, ойртож байгаа контакт зэрэгт нь эрүүл, аюулгүй байдалтай холбоотой ямар ч асуудал алга" хэмээсэн юм.

Энэ талаар мэдээлэл гарсны дараа тэрээр "Цагдаа намайг "Таниагүй" гэсэн зүйл огт яриагүй болно. Үнэмлэхээ үзүүлж, шалгуулаад явж байгаа. Иргэдийн зүгээс ирж байгаа хүний эрх, цагдаа нарын харилцаа, халдвар хамгааллын журам мөрдөж буй байдлын тухай үг хэлж байхад минут дуусчихлаа" гэж цахим хуудаснаа тайлбарлажээ.