Боловсрол телевизийн "Mongolia's Next Top Model" нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг, модель Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн 10 дугаар сард гарсан.

Тэгвэл өнөөдөр тус хэрэгтэй холбоотойгоор охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах “Охидын түүх” ТББ, талийгаачийн ар гэрийнхэн хамтран мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээ "Охиныг минь өөрөө амиа хорлосон гэсэн худал дүгнэлт гаргаж, тус хэргийг хаах гэж оролдсон цагдаагийн байгууллагад маш их гомдолтой байна. Миний охин архи, тамхи хэрэглэдэггүй. 

Миний охин 16 настайгаасаа эхлээд Ю.Нэмэхбаяр гэдэг залуутай үерхэж байсан. Гэтэл уг хэргээс хойш Ю.Нэмэхбаяр сураггүй алга болсон. Тэр залуу бас сэжигтэй. 49 хоног дээр нь ч ирээгүй. Мөн МNTM-ийн оролцогч н.Одонтунгалагийг би уг хэрэгт сэжиглэж байна. Миний охин түүнийг харахаараа л айдаг байсан. Охин минь надад худал хэлэхгүй. Охины минь хэргийг хаах гэж байсан энэ нөхцөлд надад тусалж буй өмгөөлөгчид, "Охидын түүх" ТББ-ынханд баярлаж байна.

Хэрэв цагдаа нар худал шинжилгээ, дүгнэлт гаргах юм бол би өөрөө 10 давхар барилгын цонхноос үсэрч, тийм өндөөр унасан хүн ямар байдалтай нас бардгийг өөрийн биеэрээ харуулах болно" хэмээлээ.


ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийсэн.

Тэрбээр мэдээллийн үеэр "2018 оны  аравдугаар сарын 24-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт 22 настай Ч нь өндрөөс унаж нас барсан байдалтай олдсон. Хэрэг гарснаас хойш цагдаагийн байгууллага хуульд зааснаар мөрдөн шалгаж ажиллагааг явуулж байна. Бид прокурорын хяналт дор хуульд заасан бүхий л шалгалт, нотлох баримт цуглуулах ажиллагаануудыг явуулж байгаа. Өмнө нь бид хоёр ч удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж мэдээлэл хийсэн. Учир нь цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой нотлох баримт алга болсон, дутуу шалгаж байна зэрэг худал, ташаа мэдээлэл олон нийтэд түгээд байна. 

Анх хэргийн газрын үзлэгээс авагдсан нотлох баримт алга болсон зүйл байхгүй гэдгийг ахин мэдэгдье. Хэргийн шалгалт дуусах шатандаа явж байгаа. Ар гэрийнх нь гэх хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн таамаг ярьж байгаа. Тэр бүгдийг цагдаагийн байгууллага шалгасан. Ямар нэгэн байгууллагаар хэргийг удаашруулсан, хүнд суртал гаргасан зүйл гараагүй.Нэвтрүүлэгт оролцогч О-той холбоотой яригдсан асуудлуудыг шалгахад хэрэгт холбогдолгүй болгох нь тогтоогдсон. Цахилгаан шатанд яваа бичлэг дээрх хүмүүсийг ч шалгасан хэрэгт холбогдолгүй нь тогтоогдлоо. Удахгүй энэ талаар дэлгэрэнгүй мэдээлнэ" хэмээсэн юм.