Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд томилогдож уг албан тушаалын сул орон гарснаар Монгол Улсын Засгийн газраас энэ оны 6 дугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтын захиалгаа Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн  юм.

Төрийн албаны зөвлөл уг албан тушаалд томилогдох удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийтэд зарлан мэдээлж, зохион байгуулахад шалгалтад 4 иргэн өрсөлдсөн болно.

Сонгон шалгаруулалтыг цахим систем болон 7 бүрэлдэхүүн шалгалтын хүрээнд зохион байгуулсан бөгөөд тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэж, эдгээр иргэдээс Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Г.Баясгалан сонгон шалгаруултын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авчээ.

Шалгалтын дүнг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан тушаалд Гунгаагийн Баясгаланг томилуулахаар тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүллээ.



Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл