УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 14.00 цагаас хуралдана.

Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэнэ. /Ерөнхийлөгчийн хоригийг энд дарж уншина уу/

Мөн ЗГХЭГ-ын дэд дарга Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох эсэхийг хэлэлцэхээр товложээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссан учир түүний оронд Г.Баясгаланг томилох саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-ын бүлгийн хуралдаанд дэвшүүлснийг гишүүдийн олонх дэмжжээ. Улмаар өнөөдөр Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.

Гунгаагийн Баясгалан хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. 1986-2016 онд Баянхонгор аймгийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Партнерс форэвэр” компанийн захирал, МАН-ын даргын зөвлөхийн албыг тус тус хашсан байна.

Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны 8 дугаар сард ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж буй юм.

 Хууль зүйн байнгын хороо өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02  дугаар дүгнэлт;
  • Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал;
  • Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төсөл.