Өнөөдрийн ярилцлагын буланд Голомт банкны ахлах эдийн засагч Г.Батзоригтой зээл болон зээлийн хүү мөн хуримтлалын талаар ярилцлаа.

-Санхүүгийн боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Дэлхийн банкны судалгаагаар санхүүгийн боловсролтой, санхүүгийн мэдлэгтэй хүн гэж хоёр өөр ойлголтыг тодорхойлсон байдаг. Санхүүгийн боловсролтой хүн гэдэг нь зээл гэж юу болох, санхүүгийн бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй хүнийг хэлнэ.  Санхүүгийн мэдлэгтэй хүн гэдэг нь зээл гэж юу болох, хадгаламжаа хэзээ нээлгэвэл үр дүнтэйг итгэл үнэмшил, мөнгөний боломж дээрээ тооцоолон хийж чаддаг хүнийг хэлнэ. Өнөө үед жирийн малчин залуу ч зээл гэж юу болох талаар мэдэж байгаа нь дийлэнх иргэд санхүүгийн боловсролтой болсныг илтгэж байна. Харин одоо яаж ашиглахыг нь мэдэх буюу мэдлэг дутагдаж байна.


-Тэгвэл санхүүгийн хүртээмж гэдэг ойлголтыг тайлбарлахгүй юу?

-Манай улс банкны өрсөлдөх чадварын индексийн банкны үйлчилгээний хүртээмжээр дэлхийн орлого, хөгжил ижил орон, бүс нутгуудтай харьцуулахад дээгүүрт жагсдаг. Санхүүгийн хүртээмж гэж юу вэ гэхээр захын хорооллын иргэн банкны карттай байгаа эсэх, зээл авч чадаж байна уу, алслагдсан бүсээс шилжүүлэг хийж чадаж байна уу гэсэн хүртээмж юм. 


-Иргэдийн дунд санхүүгийн мэдлэгийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Сошиал орчин эрчимтэй хөгжсөн 2010 оноос хойш иргэд мэдээллийг хурдан хугацаанд авдаг болсон. Тэр хэрээрээ илүү хүний анхаарал татах контентэд илүү анхаарал хандуулж байна. Гэтэл амьдралд хамгийн хэрэгтэй мөнгө санхүүтэй холбоотой мэдээллийг төдийлөн ойшоохгүй байх шиг санагддаг. Дэлхийн жишгээр энэ төрлийн контентийг кино урлагт нь шингээж өгдөг болсон. Гэхдээ байнга санхүүгийн талаар яриад бай гэсэн үг биш л дээ. Хүнийг мэддэг, сонирхдог зүйлтэй нь холбож энэ талаар мэдлэг олгох хэрэгтэй гэсэн санаа.


-Зээлийн талаар бидний ойлголт голдуу сөрөг байдаг. Үүнийг та хэрхэн хардаг вэ?

-Банкийг энгийнээр тайлбарлавал нэг талдаа хүнээс хадгаламж татаад үүнийгээ нөгөө талд зээл болгон гаргаж байгаа байгууллага юм. Зээл гэдгийг бид санхүүгийн бүтээгдэхүүн гэж харах хэрэгтэй. Монголчуудын хувьд зээлийг сөрөг талаас нь хардаг. Өртэй хүн өөдөлдөггүй, өргүй бол баян гэсэн үг ч бий. Өрийг ингэж сөргөөр хардаг сэтгэлгээ нь манжийн дарлалын үеийн өрийн бичигтэй холбоотой.  Дараа нь гадны бондууд зэрэг олон жилийн хугацаанд өрийн дарамтаас хамаарч өр зээлээс айдаг сэтгэлгээ суучихсан. 

Цаг үе өөр болсон 21 дүгээр зууны логикоор харахад энэ үг хэр тохиромжтой вэ гэдгийг эргэж бодох цаг нь болсон. Зөв ашиглаж чадвал зээл бол ашигтай хөрөнгө оруулалт юм. 



-Зээл авахаасаа өмнө заавал анхаарах зүйл гэж байна уу?

Өрөнд орох хялбар, харин өрнөөс гарах хэцүү. Жишээ нь кофег өдөрт нэг аяга уухад зүрхний үйл ажиллагааг дэмжиж, оюун ухааны чадамж сайжруулдаг. Гэтэл гурван аяга уувал зүрх дэлсэж, магадгүй ходоод өвдөнө. Яг л үүн шиг зээл авах гэж байгаа бол та санхүүгийн чадамж, боломждоо тохируулж л авах хэрэгтэй. 


-Иргэдийн хэрэглээний зээлд голдуу ямар бараа бүтээгдэхүүн багтдаг вэ?

 -Банкнаас зээл хүссэн иргэдийн дийлэнх нь гар утас, цахилгаан бараа, автомашин авах сонирхолтой байдаг.  Та ямар ч төрлийн зээл авч болно. Гэхдээ аль ч тохиолдолд таны авсан нийт зээл орлогын тань 50 хувиас хэтрэхгүй байх хэрэгтэй. Үлдсэн мөнгөө хоол хүнс, эрүүл мэнд, боловсрол зэрэг хэрэглээндээ зарцуулах шаардлагатай. Гэтэл манай иргэд цалин авлаа, маргааш нь дансандаа  мөнгөгүй болчихдог. Зээлээ хэт тулгаж авдаг гэсэн үг. Монголбанкнаас саяхан өр, орлогын харьцаа буюу нийт орлогынх нь 60 хувь зээл гаргана гэсэн журмыг банкуудад хүргүүлсэн. Энэ нь эргээд тухайн иргэнийг өрийн дарамтад орохоос сэргийлж байгаа юм. Хараахан ББСБ-уудын дунд хэрэгжиж эхлээгүй байна. Хүмүүс үүнийг ойлгохгүйгээр зээл өгсөнгүй гэж бухимдаад өндөр хүүтэй газраас зээл авдаг. Үүнийг иргэд мэдэж анхаараасай гэж боддог.

 

-Хадгаламжийг хамгийн энгийнээр хэрхэн тодорхойлох вэ?

-Хадгаламж гэдэг бол тухайн хүн өөрийнхөө ирээдүйн арван жилийг хэрхэн харж, төсөөлж байгаагаа бодит болгох санхүүгийн чадамж юм. Тэгэхээр ирээдүйн өөртэйгөө байгуулж буй гэрээ ч гэж ойлгож болно. Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа нь зорилгогүй хадгаламж нээлгэдэг. Ямар нэгэн зүйлийг бодож төлөвлөхгүйгээр хадгаламж нээвэл хугацааны хувьд ч хурдан цуцлагдах магадлал өндөр байдаг. Тиймээс хүүхдийн, аяллын, хуримын гэж тус бүрд нь зорилготойгоор хадгаламж нээлгэхийг зөвлөнө.


-Монгол банкны бодлогын хүү буурнаас хойш хүмүүс мөнгөө хадгалахаас илүү хөрөнгийн зах зээлийг сонирхдог боллоо.  Аль нь эрсдэлгүй хөрөнгө оруулалт болох вэ?

-Цалингаас гадна санхүүгийн нэмэлт орлоготой болж түүнээсээ өгөөж хүртэхийг хүсвэл бонд, хувьцаанд хөрөнгө оруулсан нь дээр байдаг. Энгийнээр тайлбарлавал, хэрэв та 1 сая төгрөгийн цалинтай бол үүнийхээ 50 хувийг хадгаламждаа хийгээд, арав арван хувийг нь бусад хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахдаа зарцуулвал ашигтай хөрөнгө оруулалт болно. Эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтдаа орлогоосоо бага хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. 

Хөрөнгө оруулалтыг өрөмтэй зүйрлэе л дээ. Ямааны өрөм нимгэхэн, хор шаргүй, ходоод гэдсэнд халгүй байдаг. Үүнийг хадгаламж гэж ойлгоход болно. Өгөөж нь бага ч эрсдэлгүй. Хоёрдугаарт, үхрийн өрөм илүү зузаан, их идвэл цөс хөөргөх гэмтэй. Үүнийг хаалттай бонд гэж ойлгож болно. Тэгэхээр тодорхой хэмжээний эрсдэлтэй гэсэн үг. Гурав дахь нь, сарлагийн өрөм. Хуруу дарам зузаан, хурц амттай. Огт идэж байгаагүй хүн идвэл хурцадна, ходоод гэдсийг хямруулна. Үүнийг биткойн болон бусад койнууд, түүхий эд буюу алт зэргээр ойлгож болно. Өгөөж өндөртэй ч үүнийгээ дагаад үүрэх эрсдэл нь маш өндөр байдаг гэдгийг тооцоолж үзэх ёстой. 


-Сүүлийн үед иргэд гар утасны апп ашиглаад амархан зээл авчихдаг болсон. Хэдий хялбар ч зээлийн хүүг нь тооцоолохгүй байна уу даа?

-Ганц апп ашиглаад л зээл авч богино хугацааны санхүүгийн асуудлыг л шийдчихэж байгаа юм. Яаралтай мөнгөний хэрэг гарсан үед заавал төрөл садан, ээж ааваасаа гуйж, хадгаламжаа цуцлуулахгүй гээд давуу талтай. Хүмүүс энэ төрлийн зээл дээр зээлийн хүүг  нь төдийлэн анзаардаггүй. Жишээ нь сарын 6 хувийн хүүтэй 50 мянган төгрөгийн зээл авлаа гэж бодъё. Сарын хүү нь 3000 төгрөг. Энэ хүү нь тухайн хүнд ямар ч нөлөө үзүүлэхгүй л дээ. Гэхдээ тооцоод үзвэл жилийн бараг 40 гаруй хувийн хүүтэй зээл юм шүү дээ. Энэ хүүгээр бодвол та 50 мянган төгрөгийн зээл авсан бол 36 мянган төгрөгийн хүү төлж байгаа юм.


-Зээлийг хүмүүс өнөө үед юу гэж харах ёстой вэ?

-Энгийнээр зээлийг ирээдүйн хэрэглээгээ өнөөдөр л авчхаж байна гэж л ойлгох хэрэгтэй. Хэчнээн зээл төлж байгаа ч гэсэн та тухайн бүтээгдэхүүнээс ханамж авж чадаж л байвал зээл танд ашигтай бүтээгдэхүүн болно. Гэхдээ ханамж авна гээд чадамжаасаа давсан зээл авч болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Эрсдэлээ тооцоолж сонголтоо хийх шаардлагатай гэсэн үг. 

 “Сайн” зээл гэдэг нь та уг мөнгийг ашиглан богино хугацаанд мөнгө олж чадах, ирээдүйд тогтвортой хугацаанд мөнгө олох чадвараа сайжруулах, орон сууц гэх мэт чухал зүйлсийг худалдаж авах боломжийг бүрдүүлж буй зээлийг хэлнэ. Жишээлбэл, ажилдаа очиход шаардлагатай машин худалдаж авах, хожим өндөр цалинтай ажилд ороход шаардагдах боловсролыг эзэмших, амьдран суух орон сууц худалдан авах зорилгоор авсан зээл. Гэхдээ та уг зээлийг эргүүлэн төлөх санхүүгийн чадвартай байх ёстой. Таны авах зээл боломжит хамгийн бага хүүтэй байх хэрэгтэй.

 “Муу зээл” гэдэг нь та өөрт чухал шаардлагагүй зүйлийг худалдаж авах, ирээдүйд ашиг өгөхгүй зүйлд зориулж авсан зээлийг хэлнэ. Ийм төрлийн зээлд үнэтэй хувцас, тансаг хэрэглээний зүйл худалдан авах, үнэтэй аялалд явахын тулд авсан зээл орно.