Монголын хуульчдын холбоо энэ сарын 16-ны өдөр хуралдаж ёс зүйн доголдолтой зарим гишүүдэд хариуцлага тооцсон билээ. Тэдний нэг нь өмгөөлөгч Г.Батбаяр юм.Тэрбээр салбарынхаа холбооны гаргасан энэхүү шийдвэрийг үгүйсгэж байгаа бөгөөд цаашид Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ. Өмгөөлөгч Г.Батбаяраас уг асуудлаар тодрууллаа.

-Таны өмгөөлөгчийн эрхийг хаслаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл үнэн үү?

-Энэ сарын 11-нд болсон Хууль зүйн байнгын хорооны хурал дээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өмгөөлөгч нартайгаа хариуцлага тооцож чадахгүй байгаа Хуульчдын холбоог татан буулгах талаар ярьсан нь хэвлэлээр цацагдсан. Үндсэндээ Хуульчдын холбоог дарамт шахалтад оруулсан гэсэн үг. ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Дубайн гэрээ зэрэг 17 анхаарал татаж байгаа хэргүүд дээр өмгөөлөгчөөр ажиллаж байгаа нь зарим нэг улс төрчдийн уур бухимдлыг төрүүлсэн байх. Бас Ц.Нямдорж гуайн эгдүүцлийг төрүүлсэн, эвгүй байдалд оруулсан асуудал ч бий. Иймэрхүү хувийн ашиг сонирхлын улмаас энэ сарын 16-нд Хуульчдын холбоо миний өмгөөлөгчийн эрхийг нэг жилийн хугацаатайгаар цуцлах тухай шийдвэрийг гаргасан. Тухайн өдөр өмгөөлөгчдийн баяр байсан. Баяртаа орно гээд явж байхад ийм мэдээ дуулгасанд гайхсан шүү.

Гэхдээ би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, хуульчдын холбоо буруу шийдвэр гаргасан. Тийм учраас Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж гурван шатны шүүхээр явна.  Энэ хугацаанд эрх түдгэлзэхгүй, бүрэн эрх нь хэвээр үргэлжилнэ.

-Таныг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн. Та энэхүү үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж ойлголоо....?

-Өнгөрсөн жилийн өдийд гудамжинд хүнтэй маргасан. Тэр бичлэг интернетээр нэлээн явдаг. Энэ бол хувийн харилцаа. Гэтэл ёс зүйн зөрчил гэдэг зөвхөн үйлчлүүлэгчийн гомдлоор явдаг. Хуульчийн эрх зүйн байдлын 64.5.1-д үүнийг заачихсан байгаа. 64.5.2-д мэргэжлийн ур чадвартай холбоотой маргааныг шүүгч, прокурорын хүсэлтээр шийдвэрлэдэг.  

Би энэ оны 3 дугаар сард Хотын захирагч С.Амарсайханыг хэвлэлд шүүмжилж ярьсан. Агуулга нь ёс зүйтэй бай, хуулиа дага гэж л шүүмжилж ярьсан. Гэтэл үүнийг зөрчил гэж үзсэн байна лээ. Ингэхдээ С.Амарсайханыг үйлчлүүлэгч гэж үзсэн. Учир нь Хотын дарга С.Амарсайханы ах ах миний ажиллаж байсан хэрэг дээр нэхэмжлэгчээр явж байсан юм. Ах нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь нүүрсний ордтой С.Сайнбуян гэж хүн бий. Энэ хэрэг дээр би хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа л хэлсэн үг. Гэтэл нэг хэргийн эсрэг талд байсан хүний гомдлоор асуудлыг шийдчихсэн байгаа юм. Тийм учраас би энэ тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдана. 

-Давж заалдах үндэслэл бий юу?

-Хуульчдын холбоо хууль бус үйл ажиллагаа явуулж, хүчингүй болгосон хуулиар маргааныг шийдвэрлэсэн гэсэн том үндэслэл бий. Бид нар хуульч хүмүүс. Хууль дээдлэх зарчимаа баримтлах ёстой. Иймээс би Үндсэн хуулийн цэцэд хандахаар шийдсэн. Уг нь хуульчийн эрхийг гэмт хэрэгт шийтгүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд эрхийг нь цуцалдаг юм.