Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дорноговь аймгийн Алтан ширээ сумын нутагт бүтээн байгуулагдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгцээнд нийцүүлж 255 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. 

"Өмнө нь тус үйлдвэрийн хэрэгцээнд зориулж 150 га газрыг тусгай хэрэгцээнд авсан. Улмаар нийт 400 га газрыг Газрын тос боловсруулах үйлдвэрийн тусгай хэрэгцээнд авч байна. 

Энэ сарын 8-нд Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Газрын тос, байгалийн хийн сайд манай улсад айлчилна. Тэрээр Ерөнхий сайд У.хүрэлсүхийн хамтаар Дорноговь аймгийн Алтан ширээ суманд ажиллах учир сэтгүүлчид бүтээн байгуулалтыг газар дээрээс нь дэлгэрэнгүй сурвалжлахыг хүсье. Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд болох төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах шугам зэргийг маш богино хугацаанд хийж дуусгасан. Дэд бүтцийн бүтээн байгуулалт дууссаны дараагаар газрын тосны үйлдвэрийн хүнд тоног төхөөрөмжүүдийг зөөвөрлөх ажил 2020 оны гуравдугаар сараас эхэлнэ. ТЭЗҮ-ийг 11 дүгээр сард албан ёсоор эцэслэнэ. 

Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д айлчлахад айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газраас багтсан. Энэ үеэр 236 сая долларын нэмэлт санхүүжилт олгох болсноо БНЭУ-ын тал илэрхийлсэн. 

Улмаар нэг тэрбум 260 гаруй орчим сая доллароор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 2023 он гэхэд хийгдэж дуусна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн гол үр дүнг товчоор дурдахад нийт 600-700 ажлын байр бий болно. Гадаад валютын гадагшлах урсгал жилд 20-30 хувиар хэмнэгдэх боломжтой. Тодорхой хэлбэл нэг тэрбум доллар Монголдоо үлдэнэ. Төгрөгийн ханш мөн 20-30 хувь чангарах боломжтой. Цаашлаад иргэдийн бодит орлого нэмэгдэх, дотоодоосоо монгол шатахуун худалдан авах, гадны зах зээлийн үнийн савалгаанд өртөхгүй байх гэх мэт эерэг үзүүлэлт гарна" хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Зургийг Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолоос... /2018.06.22/

Зургийг Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолоос... /2018.06.22/