Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.70-д заасан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хариуцан ажиллаж байгаа билээ.

Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийн нийт төсөвт өртгөөс хэмнэсэн хөрөнгөөр газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх юм.

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор хотхоны бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд шаардагдах бараа материал, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна.