Нийслэлийн Газрын албанаас зохион байгуулсан иргэдийг эзэмшиж буй газраа өмчлөхөд нь туслах гурван сарын аян хэрэгжиж дууслаа.

Аяны хүрээнд хамгийн эхлээд Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, 1154 иргэний хашааг газар дээр үзэн 33 айлын кадастрын зургийн зөрүүг арилгаж, 10 айлын орц гарцын асуудал шийдвэрлэж, шийдвэрээ авсан ч үл хөдлөхийн гэрчилгээгээ аваагүй байсан 63 иргэнд хуулийн зөвлөгөө өгч, дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргуулахаар явуулсан байна. 

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар 429 иргэнд газар өмчлөх захирамж гарган шийдвэрээ иргэдэд нь гардуулсан. Нийт зургаан дүүргийн 1691 иргэнд тухайн газрыг нь өмчлүүлсэн тоо гарчээ. Аянаар зөвхөн газар өмчлүүлээд зогсохгүй газрын зөрчил маргаан, кадастрын зөрүүг арилгах зэрэг ажлыг 220 нэгж талбарт хийсэн байна.