Маш ховор төрлийн сиамын ихрийг салгах мэс засал  Ватикан хотын эмнэлэгт амжилттай хийгджээ. 

30 эмч, сувилагчийн оролцоотойгоор 18 цагийн турш үргэлжилсэн тус мэс заслаас өмнө 2 настай Эрвина болон Префина нар нь гавлын ясаараа нийлсэн сиамын ихрүүд байжээ. 

Мэс засал зургаадугаар сарын 5-нд болсон бөгөөд эмч нар тэднийг бүрэн эдгэрнэ гэж итгэж байгаа аж.

CNNЭнэ нь Итали улсын эмч нарын хувьд гавал болоод гол судсаараа нийлсэн сиамын ихрүүдийг амжилттай салгасан анхны тохиолдол юм. Одоогоор дэлхийд энэ төрлийн хагалгааг амжилттай хийсэн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Мэс ажилбарын багийнхны хэлж буйгаар “Энэ нь маш ховор, хамгийн ярвигтайгаар нэгдсэн байдал” аж. Тэд уг мэс засалд жилийн өмнөөс бэлдсэн байна.

CNNЭмнэлгийн захирал Мариелла Энок 2018 онд Төв Африкийн бүгд найрамдах улсад тус ихрүүдтэй уулзаж, Ромд ирж эмчлүүлэхийг санал болгожээ. Тэд 2018 оны намар Италид ээж Эрмингийн хамт ирсэн бөгөөд 2019 оны тавдугаар сард эмчилгээний нэгдүгээр шат эхэлжээ.

Хоёрдугаар шат нь мөн оны зургаадугаар сард эхэлснээр энэ оны зургаадугаар сард тэднийг бүрэн салгасан байна.

Ихрүүдийн тархийг огт хөндөөгүй ба хагалгаа амжилттай болсон тул танин мэдэхүйн хөгжил нь хэвийн байх ёстой гэдгийг эмнэлгийн зүгээс хэлжээ. Ихрүүдийн ээж Эрмин эмч, сувилагч нарт талархаж, охидоо Францис попоор адислуулахыг хүсч буйгаа илэрхийлжээ.

Тэрээр “Охид маань хоёр дахь удаагаа төрлөө. Хэрэв бид Африктаа үлдсэн бол юу болох байсныг таашгүй. Тэд минь одоо том болж, сургуульд сурч, эмч болоод бусдын амийг аварч чадах нь” гэжээ.


Эх сурвалж: CNN