Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн өнөөдөрийн хуралдаанаар Энх саран сувилалд хууль тогтоомж зөрчигдсөн эсэхийг тотоох талаар хууль хяналтын байгууллагуудад өгсөн ажлын явцыг ярилцжээ.

Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Энх саран сувилалтай холбоотой асуудлаар шүүмжлэл дагуулсан мэдээлэл их ирж байгаа. Энэ бол Улсын онцгойкомиссын анхаарлын төвд байдаг. 

Анх тусгаарлах байруудыг сонгох үед нисэх буудалтай хамгийн ойр байрлалтай, байгалийн таатай орчинд байдаг, тухайн үед үйлчилгээ гайгүй гэдгээр нь Энх саран сувиллыг гуравдугаар сараас эхлэн тусгаарлах байраар сонгож үйл ажиллагаа явуулсан. Сүүлийн нэг, хоёр сард тухайн сувиллын үйл ажиллагаа доголдож, ялангуяа үйлчилгээ, дотоод халдвар хамгааллын дэглэм, ариутгал, халдваргүйжүүлэлт мөрдөхгүй байна гэсэн санал шүүмжлэлүүд гарсан. 

Үүний дагуу УОК-ын Шуурхай штаб болон холбогдох байгууллагуудаас хяналт, шалгалтууд хийж байсан. Хамгийн сүүлд 11 дүгээр сарын 10-нд тухайн сувиллын үйл ажиллагааг цаашид явуулах боломжгүй гэдэг мэдэгдлийг хүргэсэн.

Өнөөдөр тус сувилалд тусгаарлалтад байсан нийт 81 иргэн, үйлчилгээ үзүүлж байсан 17 иргэнийг өөр тусгаарлах байр руу нүүлгэн шилжүүлж байна. Тэдний 21 хоног тусгаарлагдах хугацаа нь энэ сарын 14-нд дууссан. Энэ хугацаанд 3 удаа коронавирус илрүүлэх шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. Гэвч коронавирус тус сувиллаас голомтлон тархсан байж болзошгүй гэдэг асуудал байгаа учраас дээрх иргэдийг үргэлжлүүлэн өөр газарт тусгаарлаж, дахин шинжилгээ авна. Улмаар сөрөг гарсан тохиолдолд гэрийн 14 хоногийн ажиглалтад шилжүүлнэ" хэмээлээ.

Мөн тэрээр "Энх саран сувиллаас гарсан 30 гаруй тохиолдол нь тус сувиллын 3 дугаар байр бөгөөд өнөөдөр шилжүүлж буй иргэдийн тусгаарлагдсан байса байрнаас 30-100 метрийн зайтай. Тохиолдлууд илэрсэн 3 дугаар байрыг хүмүүсийг нь шилжүүлсний дараа бүрэн халдваргүйжүүлсэн. Өнөөдөр бүх байранд нь ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд тусгаарлагдах байрны үйл ажиллагааг нь бүрэн зогсооно" гэдгийг онцлов.