Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат, “Алтжин групп”-ын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд ажлын 14 хоногт хянан хэлэлцлээ.

1. Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг бусадтай бүлэглэн Төрийн банкинд 51,596,943,659.3 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

2. Шүүгдэгч Ш.Батхүү нь “Жаст групп”-ын Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа “Эрдэнэт” ХХК-ийн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнуудтай бүлэглэж хувьдаа давуу байдал бий болгох зорилгоор гэмт хэргийг зохион байгуулж, урьдчилан үгсэн тохирч “Стандарт” банктай хуурамч зээлийн гэрээ байгуулж их хэмжээний зээл авч, Лондоны арбитрын шүүхийн шийдвэрээр их хэмжээний хохирлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Монгол банкнаас олгох баталгааг гаргах зөвшөөрөлгүй атлаа хуурамчаар банкны баталгаа гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

- Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

- Хуурч, бодит байдлыг нууж бусдыг төөрөгдөлд оруулах замаар залилж “Шунхлай групп”-д их хэмжээний хохирлыг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/ 2 жилийн , мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн , /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ 23.22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/ 2 жилийн, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар / Мөнгө угаах/ 1 жилийн хорих ялаар шийтгэхээр ялын саналыг шүүхэд гаргажээ.

Шүүх прокуророос гаргасан ялын саналыг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Батхүүгийн биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоон шийдвэрлэжээ.

3. Шүүгдэгч Ч.Ганзориг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар, шүүгдэгч Б.Мөнхжаргал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар, шүүгдэгч Г.Амарбат “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Ш.Батхүүд давуу байдал бий болгох зорилгоор дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Ш.Батхүүгээс Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 140,011,117,267 төгрөгийг гаргуулж хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар