Энэ жил Үндэсний баяр наадмаар 32 бөхийг шинжилгээнд хамруулсанаас Монгол улсын гарьд Н.Ганбаатар, монгол улсын харцага А.Цацавшир нараас допинг илэрсэн байна.

Уг  асуудал дээр хамгийн эхэлж байр сууриа илэрхийлсэн нь улсын гарьд Н.Ганбаатар юм. Тэрбээр:

“Би 2008, 2009 онд өвдгөндөө авсан бэртэл сэдэрч БНХАУ-ын Бээжингийн гэмтлийн төв эмнэлэгт мэс засалгүй эмчилгээ хийх хүсэлт тавьсны дагуу дөрвөн өдрийн турш Хятад бичигтэй тариа хийлгэж эмчлүүлсэн. Өөр ямар нэгэн байдлаар эм болон тариа хэрэглэсэн зүйл байхгүй бөгөөд олон сарын өмнө хийлгэсэн энэ эмчилгээнээс ийм зүйл илэрнэ хэмээн санаж байсангүй. Миний тухайд өөрөө бие том, жин ихтэй болохоор анх барилдаж эхэлснээсээ хойш жингээ хасаж, жингээ барих шаардлагатай байсан болохоор биеийн жин, булчингийн масс нэмдэг энэ төрлийн бодисуудыг хэрэглэх ямар ч хэрэгцээ байгаагүй. Нөгөө талаас миний бие Монгол бөхийн дэвжээн дээр үнэнч шударга байхыг ёс суртахууныхаа эрхэм зорилго болгож ирсэн болохоор мөнгө төгрөгөөр даваа наймаалцах, хориотой эмийн бодис хэрэглэх зэргээс хөндий явж ирсэн билээ.

Миний бие өдгөө 36 настай бөгөөд өөрийн энэ өндөр цолонд 10 жилийн өмнө хүрсэн. Бөх хүний хувьд ард түмнээ хүндэтгэж бөхийн ариун дэвжээндээ ёс суртахуунтай барилдаж, даваа наймалцах асуудлаас хол байж ирсэн. Иймд үргэлж намайг дэмжиж, хайрлаж, урам өгч байдаг Монголын нийт ард түмэндээ баярлан талархаж явдгаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсье” хэмээн мэдэгдэлдээ бичжээ.