НМХГ-ын мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч нар өчигдөр үүрээр Хүчит шонхор худалдааны төвд гэнэтийн шалгалт хийжээ. Энэ удаа хөдөө орон нутгаас мах тээвэрлэн ирсэн худалдаа эрхлэгч 23 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт явууллаа.

Тус захад орон нутгаас тээвэрлэн ирсэн 34.5 тн мах, махан бүтээгдэхүүн худалдаалагджээ.

Хяналт шалгалтаар малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэн худалдаалж буй зарим иргэд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээний баталгаажилт, тамга тэмдгийг дутуу хийлгэсэн, огт гэрчилгээ аваагүй, гарал үүсэл тодорхой бус мах худалдаалж байсан зөрчлийг илрүүлсэн байна.

Түүнчлэн зориулалтын бус тээврийн хэрэгсэлээр малын махыг арьс, шир, нэхий зэрэг түүхий эд бүтээгдэхүүнтэй хольж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй тээвэрлэж байсан нийтлэг зөрчил илэрсэн байна.
Иймээс иргэд малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээг үзэж, сонголтоо хийхийг зөвлөж байна.