Гар утас хорт хавдар үүсгэдэг үү? Эрүүл мэндийн салбарынхан тэгж боддоггүй, гэхдээ сүүлийн үеийн судалгаа өөр зүйл хэлэв. Энэ талаар эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний яамны зуучлах агентлаг National Toxicology Program-аас судалгаа хийжээ. Гэтэл гар утаснаас ялгардаг цацраг туяа эрэгчин хархны тархи болон зүрхэнд хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлсэн байна. Судалгааны тухай асуулт, хариултыг эрдэмтэд дэлгэлээ. 

- Судалгааг хэрхэн хийсэн бэ?

- Харх гар утаснаас ялгардаг цацраг туяа бүхий тусгай өрөөнд өдөр бүр, есөн цагийг өнгөрөөжээ. Туршилтыг тэднийг төрөхөөс өмнө эхлүүлж, хоёр нас хүртэл нь үргэлжлүүлсэн.

- Судалгаагаар юу тогтоов?

- Цацраг туяаны нөлөөнд байсан хархнуудын 2-3 хувь нь тархиндаа хорт хавдартай болсон. Харин энгийн өрөөнд байсан хархнууд эрүүл байжээ. Гар утаснаас ялгардаг хамгийн өндөр түвшний цацраг туяанд байсан эрэгчин хархнуудын 5-7 хувь нь зүрхэндээ шванноматай болсон. Шваннома бол мэдрэлийн системийн эсийн хавдар юм. Эрдэмтдийн хэлж буйгаар, хархны тархи болон зүрхний хорт хавдрын шалтгаан нь цацраг идэвхт туяа аж. Хачирхалтай нь, эмэгчин хархны хавдар тусах магадлал харьцангуй бага байжээ.

- Бусад сануулга нь юу вэ?

- Тусгай болон хяналтын бүлгийн хархнуудын ялгаа статистикийн хувьд илэрхий байгаагүй. Бас нэгэн гаж үзэгдэл илэрсэн нь цацраг идэвхт туяанд байсан харх энгийн орчинд байсан хархнаас урт насалжээ. Түүнчлэн шваннома зөвхөн зүрх төдийгүй биеийн бүх хэсэгт үүссэн. Гэхдээ бусад эрхтэнийг аюултай хэмжээнд хүргээгүй аж. 

Эрдэмтдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ доктор Майкл С. Лауэр хэлснийг судалгаанд хавсаргасан юм. 

- Судалгааг үл тоомсорлож болох уу?

- Тайлангаас үзвэл, гар утас хэрэглэдэг маш олон хүн байгаа тул цөөнхийн хорт хавдрын өвчлөл нэмэгдэхэд л бүх нийтийн эрүүл мэндэд илэрхий нөлөө үзүүлж болно.  

- Бусад судалгаа юу хэлэв?

- Энэ талаар хийсэн олон судалгаа байдаг Их Британид нэг сая эмэгтэй, Данид 350 мянган хүнд хийсэн томоохон судалгаанууд ч бий. Түүнчлэн радио долгионы нөлөөллийг амьтад болон лабораторид ургуулсан эсэд туршсан. Тэдгээр судалгаанд гар утас хорт хавдар, болон бусад өвчтэй холбоотой гэх нотолгоо байгаагүй.  

- Цацраг туяа хорт хавдар үүсгэдгийг тогтоосон биз дээ?

- Цөмийн зэвсэг, атомын цахилгаан станц, хэт ягаан туяа шиг ионжуулсан цацраг идэвхт туяа ДНХ-г гэмтээж, атомоос электроныг туух хүчтэй байдаг. Тиймээс хорт хавдар үүсгэнэ. Харин гар утасны цацраг идэвхт туяа, радио долгион зэрэг нь ионжуулагчгүй бөгөөд ДНХ-г гэмтээдэг эсэх нь тодорхойгүй байна.