Технологийн томоохон компаниуд болон жижиглэнгийн наймаачид дэлгүүрийн касст бэлэн мөнгө, кредит, дебит карт өгөхөөс илүү утсаа даллах нь илүү дээр хэмээн “Money” сэтгүүл зөвлөж байна. “Apple” компани өнгөрсөн онд “Apple pay” хэмээх мобайл төлбөр тооцооны системээ танилцуулан шуугиан тарьсан билээ. “Samsung”-ийн шинэ ухаалаг гар утаснууд тооцоонд зориулсан аппликэйшнтэй болохыг холбогдох албаныхан мэдэгдлээ. Түүнчлэн АНУ-ын нэр бүхий “CVS”, “Target”, “Wal-Mart” тэргүүтэй дэлгүүр төлбөрийн аппликэйшн хийсээр буй. 

Шинжээчид мобайл төлбөр тооцоог супер эрэлттэй болно гэх таамаг дэвшүүлсэн. Харин одоогийн байдлаар Америкийн ухаалаг гар утас хэрэглэгчдийн тал хувь нь мобайл банкны систем ашиглаж байна. Тэдний ердөө 13 хувь нь зоогийн газар, дэлгүүрт тооцоо хийж буйг Холбооны нөөцийн судалгаа харуулсан. Гэвч ойрын хэдэн жилд мобайл төлбөр тооцооны системд ахиц гарах нь дамжиггүй ажээ. “Forrester research” судалгааны байгууллагын тайлангаас үзэхэд, өнгөрсөн онд дөрвөн тэрбум ам.долларын мобайл төлбөр хийсэн байна. Энэ тоо 2019 он гэхэд 34 тэрбум ам.долларт хүрэх байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж буй.

Давуу тал-Хэрэглэхэд хялбар

Банкны консалтингийн фирм “Cornerstone advisors”-ын судалгаа хариуцсан мэргэжилтэн Рон Шевлиний хэлж буйгаар одоо зах зээлд хэрэглэж байгаа мобайл төлбөр тооцооны программууд бүгд нэг үйлдлийн системээр ажилладаг ажээ. Аппликэйшнд өөрийн кредит болон дебит картын мэдээллээ хадгалан, дэлгүүрээр үйлчлүүлэх үедээ төхөөрөмжид утсаа уншуулснаар тооцоо хийгдэх болно. 

“Старбакс”, “Dunkin donuts” зэрэг газар өөрийн гэсэн аппликэйшнтэй байхад зарим нь олон төрлийн программ таних төхөөрөмжтэй. “Apple pay”, “Google wallet” зэрэг нь мобайл тооцоонд хамгийн их ашиглагдаж байна. “Apple” компанийн тооцооны программ дэлгүүрт ормогц ачааллаж эхэлдэг ба тооцоо бүртгэгч дээр хурууны хээгээрээ баталгаажуулахад л хангалттай. Тиймээс энэ төрлийн программууд дунд хамгийн хялбарт тооцогддог ажээ.

Хэрэглэгчид мобайл төлбөр тооцооны аюулгүй байдалд эргэлздэг ч үнэн хэрэгтээ пластик картаас илүү баталгаатайг “eMarketer”-ийн цахим ертөнцөд эрэлттэй байгаа программуудын шинжээч Брайан Йегер ярилаа. 

Энэ төрлийн ихэнх аппликэйшн төлбөр төлөх бүрт картын тоог илгээхийн оронд дахин давтагдашгүй шугаман код үүсгэн холбогддог аж. Тухайлбал, “Apple pay” хэрэглэгчийн картын мэдээллийг хадгалдаггүй, таны утас карттай тусгай кодоор холбогддог. Тооцоо хийх үед дэлгүүрийн тооцоолуурт утаснаас нэг удаагийн код илгээж, хурууны хээгээр тооцоогоо баталгаажуулдаг учир хакерууд нэвтрэх боломжгүй.

Сул тал-Хязгаарлагдмал хэрэглээ

Нөгөөтээгүүр ямар ч технологи төгс биш, хэрэглээнд туршиж үзээгүй мобайл төлбөр тооцооны олон аппликэйшн байна. Хамгийн том бэрхшээл нь хязгаарлагдмал хэрэглээ юм. Үйлчилгээний газрын ашиглаж байгаа төхөөрөмжийн таних үйлдлийн систем янз бүр, хэрэглэж байгаа ухаалаг гар утаснаас шалтгаалан аппликэйшн нь олон төрөл байдаг. Тиймээс хэрэглэгч үүнд бүрэн найдах боломжгүй.

 “Javelin strategy & Research” байгууллагын гар утасны судалгааны хэлтсийн захирал Мэри Монаган багаар тооцоход гурван жилийн дотор мобайл төлбөр тооцооны зах зээлд цөөн тоглогч гол байр эзэлнэ хэмээжээ. Тэрбээр “Гар утсаараа төлбөр тооцоо хийх нь одоохондоо карт ашиглахаас хялбар болоогүй. Тиймээс энэ төрлийн программ хөгжүүлэгчид болон үйлчилгээний газрууд мобайл төлбөр тооцоог хөгжүүлэхийн тулд хэрэглэгчдэд урамшуулал олгож магадгүй. Одоогийн байдлаар кредит, дебит карт, бэлэн мөнгийг мобайл тооцооны систем орлоход асуудал олон байна.” хэмээсэн юм.