Хятадын хэдэн зуун сая оршин суугч цагаан сарын баярыг тохиолдуулан 7 хоног амрахаар бэлтгэж байна. Харин зарим ажилтан баяр наадмын амралтаас гадна нэмэлт 8 хоног амрах аж.

Тодруулбал, 35 орчим насны нөхөрт гараагүй эмэгтэйчүүд илүү урт хугацаанд амрах юм гэнэ. Хятадад олон компани нөхөрт гараагүй эмэгтэй ажилтнууддаа зориулж амралтын нэмэлт өдөр олгож эхлээд байгаа гэнэ. Нэмэлт амралтын өдрүүд нь эмэгтэй ажилтнуудад хайр дурлалтайгаа учирч, гэр бүлтэй болох цагийг олгоно гэж үзэж байгаа аж.

Тухайлбал, Ханжоу хотод байдаг хоёр компани 30-с дээш насны нөхөрт гараагүй эмэгтэй ажилтнууддаа нэмэлт чөлөө олгосон тухай “South China Morning Post” сонин мэдээлжээ. Тэд ч мөн ганц бие эмэгтэйчүүддээ болзоонд явах боломжийг олгодог газруудын жишгийг дагасан бололтой.


“Үлдэгдэл эмэйгтэйчүүд”

Хятадад 25-с дээш насны гэрлээгүй эмэгтэйчүүдийг “шэнню” гэж нэрлэдэг бөгөөд энэ үг нь “үлдэгдэл эмэгтэйчүүд” гэсэн утгатай аж. Гэсэн хэдий ч гэрлээгүй, карьертаа илүү анхаарлаа хандуулах эмэгтэйчүүдийн тоо улам их болоод байгаа аж.

Гэрлээгүй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаад Хятад улс санаа зовниж байна. Учир нь тус улсад хүн амын насжилт, ажиллах хүчний хомсдолтой холбоотой асуудалтай тулгарах үе ойрхон ирээд байгаа юм.


"Төрөлт буурах"

“Нэг хүүхэд” бодлогыг Хятад улсад 2015 онд цуцалсан хэдий ч төрөлтийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй бөгөөд төрөлтийн түвшин буурсаар байна. 2018 онд Хятад улсад 15 сая хүүхэд төрсөн нь 2017 оныхтой харьцуулахад 2 саяар бага аж.

"Эрэгтэй хүүхэд төрүүлэх явдал Хятад улсад удаан хугацаанд давуу байсан учир хүйсийн тэнцвэргүй байдал асуудалтай хэвээр байгаа юм. Эмэгтэйчүүдийн тоо хамаагүй бага байна. Эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийхээс 30 саяар илүү байна” хэмээн “Үлдэгдэл эмэгтэйчүүд” номын зохиолч Лета Хонг Финчер ярьжээ.

Төрөлтийн түвшин буурсаар байвал 1,4 тэрбумтай байгаа Хятадын хүн амын тоо ойрын 50 жилд 1,2 тэрбум болтлоо буурч магадгүй болохыг Хятадын нийгмийн шинжлэх ухааны академи тэмдэглэжээ.


“Хосоо олох”

Нэмэлт амралтын өдрүүдэд яаж хосоо олж, хүүхэд төрүүлэх вэ гэдэг нь ойлгомжгүй юм.   

“Нийгмийн шинэ харилцаа холбоо тогтооход чөлөөт цаг гаргах зайлшгүй шаардлагатай” хэмээн “Hangzhou Songcheng Performance” компанийн хүний нөөцийн менежер Хуан Лэй ярьсан байна. 

“Ажил хөдөлмөр эрхэлж буй олон эмэгтэйд нийгмийн харилцаа холбоо тогтоох орон зай давчуу. Тийм учраас тэдэнд чөлөөт цаг илүү их байвал эсрэг хүйстэнтэйгээ харилцаа тогтоох боломж илүү олдоно гэж бид найдаж байгаа юм”

Харин энэхүү санаачлага нь тийм ч олигтой үр дүнд хүргэнэ гэж үзэхгүй байгаагаа зохиолч Лета Хонг Финчерийн цохон тэмдэглэжээ.

“Ийм санаачлага гаргасан нь олон туршилтуудын зөвхөн нэг нь юм. Асуудлын гол нь эмэгтэйчүүд хүнтэй сууж, хүүхэд гаргах гэж яардаггүй болсонд байгаа юм”.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Би-Би-Си