Засгийн газрын зарим гишүүн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Улс даяар иргэдээ 7 дугаар сарын 01-ний дотор коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах боломж бүрдсэн.

ОХУ-аас нэг сая тун Спутник V вакцин худалдан авахаар гэрээ хийсэн ч ОХУ дотооддоо хангаж чадахгүй байгаа учир татан авалт хойшилж байна. 20 мянган нэгдүгээр тунгийн вакцин ирсэн. Үүнийг 65-аас дээш насны ахмадуудад хийнэ. Дараагийн тун нь хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа.

Сая хатуу хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт илрэх халдварын тоо 1000 биш 2500-3500 хүрэх байсан. Вакцинжуулалт мөн хойшилбол эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө ч нэмэгдэнэ.

Засгийн газрын хуралдаанаар гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг 5 дугаар сарын 08-наас 6 дугаар сарын 05-ныг хүртэл улаанаас улбар шар түвшин рүү шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Өнөөдөр үдээс хойш УОК дахин хуралдаад энэ талаарх УОК, Засгийн газрын шийдвэрийг иргэддээ танилцуулна. Аль салбар, ямар хугацаанд үйл ажиллагаагаа явуулах, алийг нь хязгаарлах, ямар дэглэм мөрдөх зэргийг эцэслэн мэдээлнэ.

Агаарын хилийг 5 дугаар сарын 01-нээс нээх тухай өмнө нь Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Гэвч өнөөдөр халдварын тархалт санасан хэмжээнд буураагүй учир хил нээх асуудлыг 6 дугаар сарын эхэн хүртэл хойшлуулах шаардлагатай гэж хэлэлцэн шийдвэрлэлээ" хэмээв.