СӨҮЛ. /Yonhap/. "Хэрэглэгчдийг удаан хугацаагаар хүлээлгээд буй “Galaxy Fold” загварын эвхэгддэг ухаалаг гар утсаа есдүгээр сарын 6-нд БНСУ-д, үүний дараа сонгогдсон орны зах зээлүүдэд худалдаанд гаргана" гэж “Samsung” компани мэдээлжээ.


Samsung” 2000 орчим ам.долларын үнэтэй эвхэгддэг төхөөрөмжөө АНУ-д өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос худалдаалж эхлэхээр төлөвлөж байсан боловч эвдрэл үүссэнтэй холбоотойгоор хойшлуулсан юм. Тухайн үед АНУ-ын шүүмжлэгчдэд шалгуулахаар өгсөн Galaxy Fold” гар утас эвдэрсэн бөгөөд учир шалтгааныг тогтооход зарим хүн төхөөрөмжийн дэлгэцийн хамгийн дээд давхаргыг салгасантай холбоотой байжээ.


Уг гар утасны дэлгэцийн дээд давхарга нь уян дэлгэцийг урагдахаас хамгаалдаг бөгөөд үүнийг салгаснаар гол дэлгэцэд ямар нэгэн эвдрэл үүсэх боломжтой аж. Үүний зэрэгцээ “Galaxy Fold” гар утасны бусад доголдлыг засварлаж, илүү бат бөх болгосон байна.

Зургаан камераар тоноглосон “Galaxy Fold” гар утас нь 263 грамм жинтэй, 7.3 инчийн дэлгэцтэй /эвхсэн үед 4.6 инч/, 12 гегабайтын рамтай юм. Түүнчлэн дэлгэсэн үед 6.9 миллиметр зузаан байх бол эвхсэн үед байрлалаасаа хамааран 15-17 миллиметр зузаан болох ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг