Эмч, багш нар цалин нэмэгдүүлэх шаардлага тавьсантай холбогдуулан улсаас төрийн алба хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгохоор болсон билээ. Гэвч багш нарт өгөх урамшуулал ажлын үр дүнгээс хамаарч бүтэн олгогдох эсэх нь эргэлзээтэй байна. 

Тэр дундаа өрхийн эмч нарт огт олгогдохгүй гэнэ. Энэ талаар өнөөдөр Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн хурал хийж төр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудыг ялгаварлан гадуурхаж байна хэмээсэн юм. Шалтгаан нь хуулиараа өрхийн эмнэлэгийг төрийн үйл ажиллагааг гэрээлэн гүйцэтгэгч гэж үздэгтэй холбоотой.

Төрийн албан хаагчийн адил цаг наргүй ажилладаг ч халамж хүртэхдээ гадуурхагддаг, 2014 оноос хойш өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажилчдын цалинг нэг ч төгрөгөөр нэмээгүйд тэд гомдолтой байна. Тиймээс  3000 өрхийн эмчийг ялгаварлан гадуурхсан энэ шийдвэрээ буцааж 300 мянган төгрөг өгөхгүй бол өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд ирэх баасан гаригт Эрүүл мэндийн яамны гадаа эсэргүүцлийн цуглаан хийхээр болжээ.