2019 оныг Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгосон. Энэ хүрээнд Гадаадын иргэн харьяатын газар визийн зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж эхлээд байна.

Ингэснээр Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газраас авах түр ирэгчийн 31-90 хоногийн визийн зөвшөөрөл, 30 хоногийн байх хугацаатай олон удаагийн визийн зөвшөөрөл, олон улсын хилийн боомт дээрээс авах бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч байна.

Цахим үйлчилгээг авахдаа Гадаадын иргэн, харьяатын газрын www.immigration.gov.mn сайт руу нэвтэрч, сайтын баруун дээд хэсэгт байрлаж буй “Цахим виз” хэсэгт хандан хувь хүн, байгууллагын мэдээллийг бүртгүүлснээр энэ үйлчилгээг авах боломжтой. Эсвэл https://evisa.mn холбоосоор шууд нэвтэрч болно. Бүртгүүлсэн хэрэглэгч уг програмд нэвтэрч зааврын дагуух мэдээлэлтэй танилцаж, үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг оруулж илгээснээр бид хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх юм. Цахимаар илгээсэн хүсэлтийг хүлээж авч, бичиг баримтын бүрдэл бүрэн тохиолдолд ажлын 3 хоногт багтаан визийн зөвшөөрлийн хариуг цахим хаяг болон мессежээр илгээх ажээ.

Цахимаар визийн зөвшөөрөл хүсэхдээ юуг анхаарах вэ?

Визийн зөвшөөрөл хүсэхдээ эхний ээлжинд цахимаар визийн зөвшөөрөл мэдүүлэх шат дарааллыг сайтар уншиж танилцаарай. Түүнчлэн визийн зөвшөөрөл нь виз олгохыг зөвшөөрсөн баримт бичиг боловч хилийн боомт дээр виз олгох үед хийх ярилцлага, визийн мэдүүлэгт мэдээлэл зөрүүтэй, зорилго өөр бол тухайн зөвшөөрөлд бичигдсэн визийг олгохгүй байж болно. Иймд тухайн гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсч, түүний өмнөөс мэдээллийг илгээж байгаа хувь хүн, байгууллага нь хариуцлагатай хандаж, үнэн зөв мэдээлэл ирүүлэх хэрэгтэй. Виз, визийн зөвшөөрлийг олгохоос татгалздаг хэд хэдэн үндэслэл бий. Тухайлбал, гадаадын иргэн, виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхээс өмнө 1 сарын хугацаанд Зөрчлийн тухай хуулийн 16.2-т заасан зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн, Монгол Улсад зорчих зорилгоо тодорхойлж чадаагүй, виз олгоход шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөөгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдүүлэг өгсөн, мэдүүлгийн хуудсыг бүрэн гүйцэд бөглөөгүй зэрэг үндэслэл ордог.