Манай улс гадаадад байгаа монголчуудаа эх орондоо авч ирэх зорилго бүхий тусгай үүргийн дараагийн ээлжийн онгоцоо Сөүл, Франкфурт чиглэлд нисгэх гэж байна. Гэсэн хэдий ч цаана үлдсэн эх орондоо ирэх хүсэлтэй хэдэн мянган иргэд маань тусламж хүсэж ийнхүү бичжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга,УИХ-ын Дарга Г. Занданшатар, Ерөнхий Сайд У. Хүрэлсүх Танаа

Коронавирусийн цар тахлын тархалттай тэмцэх ажлын хүрээнд Монгол Улс хилээ хааснаар 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрт аялж, ажиллаж, сурч байсан Монгол иргэдээс 9,412 хүн эх орондоо буцах хүсэлтээ өгсөн. КОВИД-19 тахлын улмаас дэлхийн ихэнх улс орнууд хөл хорио тогтоосны улмаас эдийн засгийн гүн хямрал эхлээд байна. Ингэснээр хөдөлмөрлөж байсан нь ажилгүй болж, сурч байсан нь сургуульгүй болж, орлого, мөнгөгүй, орох оронгүй хүнд байдалд орсоор байна. Энэ байдал ч өдрөөс өдөрт хүндэрч, гамшгийн хэмжээнд очив. Үүнийг дагаад буцах хүсэлтэй иргэдийн тоо тэр хэмжээгээр нэмэгдэж байгаа.

Эмчилгээний зардалгүй, хэнээс, яаж туслалцаа хүсэх, хаашаа хандахаа мэдэхээ больсон ахмад буурлууд, балчир нялхас, гэр орондоо очиж чадахгүй болсон бүх иргэдэд Монгол Улсын Үндсэн хуулиар хангагдсан дархан эрхийг нь эдлүүлэхийг та бүхэндээ сануулж байна. Баян, хоосон бусад улсууд иргэдээ татаад аль хэдийнэ авчээ.

Дэлхийн олон арван улсад амьдаараа хатаж, үзээгүйгээ үзэж, зовж шаналж байгаа хүмүүсийн сэрдхийлгэсэн явдлыг сонсоод, бид дуу хоолойгоо нэгтгэж та бүхэндээ хүргэхээр шийдсэн. 

Эх орондоо гологдож, энд цөлөгдөх зүйл бид хийгээгүй ээ. Бид эсрэгээрээ ажил амьдралаа нэр төртэй залгуулдаг, Эх орондоо ихийг сураад эргэж очих мөрөөдөлтэй, эргээд очих гэр орон, харж хандах хүрээлэлтэй хүмүүс. Монголчууд бид цөөхүүлээ гэж бид ярих дуртай байдаг шигээ одоо яаралтай, зоригтой, дорвитой хөдлөх цаг нэгэнт ирснийг та бүхэнд сануулах гэсэн юм.

Эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Зүгээр байсан хүмүүс өвчилж байна. Ажилгүй, сургуульгүй, орох оронгүй, идэх хоолгүй, нүүрээ хийх газаргүй, гадуурхагдан шахагдаж байгаа бид удаан тэсэхгүй ээ. Монгол хүн өвдвөл гадаадын эмчилгээнд яг өдийд хамрагдана гэдэг горьдлого туйлын бага. Буцаж явах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байх тул асуудлыг яг одооноос, нарийн зохион байгуулалттай шийдэж эхлэхийг та бүхнээс шаардаж байна.

Хүнд хэцүү цаг ирэхэд бүх хүчээ дайчилж, иргэн бүрийнхээ төлөө тэмцэж, ялж гарч ирэх сонголт таны гарт байна. Иргэдийнхээ нэгээхэн хэсгийнх нь бүрэн эрхийг булааж байгаад, иргэнийхээ эрх чөлөө, эрүүл мэнд, амь насыг золих өөр нэг сонголтыг хийхгүй байхыг уриалж байна. Та бүгд Монгол хүний амь нас, эрх чөлөө, эрүүл мэнд, нэр төр нь халдашгүй, Монгол Улсын ноён нуруу бөхөхгүй, энэ улсын төр засаг нь иргэнээ айлын аав шиг харж хандддаг гэдгийг харуулах цаг ирлээ. Амаргүй ч хийх ёстой ажил мөн.

Улсын Онцгой Комисс иргэдээ татаж авах тал дээр илүү тодорхой төлөвлөгөө гаргаж, мэдээ, мэдээллийг ойрхон давтамжтай хүргэж, ил тод, шудрага байдлыг ханган ажиллах хэрэгтэй байна.

Иргэдээ нэг дор авчирч чадахгүй байгаа шалтгаанд нислэг, эмч, мэргэжилтэн, байрлуулах газар хүрэлцээгүй гэдэгт - дотоодын нислэгийн компаниудаа дайчлах, олон улсын агаарын тээврийн компаниудаас туслалцаа хүсэх боломж бий.

Нэгэнт аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон тул тухайн салбарынхныг дайчилж тусгаарлах байрыг бүрэн боломжтой бөгөөд салбарын сул зогсолтыг зогсоож, иргэдээ ажилтай, орлоготой байлгах боломжтой.

Иргэдээ ойрын хугацаанд татаж авах тал дээр онцгой ач холбогдол өгч, шуурхай ажиллаж, төлөвлөгөөгөө олон нийтэд танилцуулан, хүч нөөц, бололцоогоо дайчилж, гадаад дотоодын байгууллагуудаас тусламж хүсэх, буцах нислэг, гацсан иргэдийн байр, хоолны мөнгө, санхүүг шийдэхийг хүсч байна. Санхүүгийн хямралд орж, гадаадад 3 хүртэл сар гацаж, хамаг байдгаа буудал, виз, хоолондоо шавхсан иргэд нислэгийн тийз, тусгаарлагдах байр, хоолны мөнгийг бэлнээр урьдчилж өгч чадахгүй тул энэ асуудалд анхаарахыг хүсье. Нисэхээс өмнө 2 өдрийн дотор коронавирусын оношилгоонд хамрагдсан байх ёстой гэдэг боломжгүй нөхцөл тулгаж байгаад шийдэл олох ёстой. Бид энд бүгд тусгаарлагдаад багадаа 2 сар болж байгааг та хэд маань ойлгож байгаа биз ээ.

Өдөр ирэх тутамд бухимдсан иргэдийн тоо нэмэгдсээр байна. Бидний дийлэнх нь одоохондоо эрүүл саруул байна. Гэхдээ бид туйлдсаар, аргагүй байдалд орж эхэлж байна. Бидэнд туслахыг та бүхнээс гуйж байна. Шаахан шаардаж байна. Иргэдийнхээ төлөө ажилладаг төр гэдгийг үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэхийг гадаадад гацаад буй иргэд ахин дахин шаардсаар байна.

Гадаадаас эх орныхоо хаалгыг тогшсоор байгаа иргэдийн дуу хоолойг Монголоор #БидЭхОронтойХүмүүс, Англиар #SOSMongolia түлхүүр үгийг ашиглан сошиал хүрээнд харж болно. Гадаадад Гацсан Монголчууд гэдэг Фэйсбүүкийн групп дээрээс орж харж болно.

ГАДААДАД ГАЦСАН МОНГОЛЧУУД