Эх орондоо ирэх хүсэлтэй гадаадад байгаа монголчуудын ар гэрийнхэн өнөөдөр Улсын онцгой комисст хандаж, өмнө нь өгсөн хүсэлтийнхээ хариуг нэхлээ.

Энэ үеэр иргэн н.Болдбаатар "Манай гэр бүлийн хүн АНУ-д гацчихсан. Энд гурван хүүхэд маань энд байгаа болохоор яаралтай ирэх шаардлагатай байна. Улсын онцгой комисст удаа дараа хүсэлт өгсөн ч бидэнд хариу өгөхгүй байна.

Гадаадад байгаа иргэдээ авчрах талаарх мэдээлэл ил тод бус, тэдэн рүү хандсан ямар ч үйл ажиллагаа хийхгүй байна. Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирж буй иргэд тусгаарлагдах байрны төлбөр, онгоцны тийз зэрэг асар их мөнгийг 100 хувь өөрсдөө төлж байгаа. Улс үүнд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ гэхээр зохион байгуулалт хийж байгаа. Гэхдээ энэ ажлаа бүрэн гүйцэд хийж, мэдээллээ ил тод болгохыг бид шаардаж байна. Мөн Улсын онцгой комиссын эрх бүхий этгээд бидэнд тайлбар өгөх ёстой.

Тусгай үүргийн нислэгээр хэн ирж байна, ирээгүй байгаа иргэдийг хэзээ авчрах вэ, ер нь авчрах юмуу зэрэг бүх зүйл тодорхойгүй байна. Үүнд бид бухимдаж байна. Мэдээлэл тодорхой бусаас болж нэгнийгээ хардах, хахууль өгөх зэрэг асуудал ч үүсч байна. Манайх 3 дугаар сарын 18-наас эхлэн өнөөдрийг хүртэл Улсын онцгой комисст 5 удаа өргөдөл өгсөн. Одоог хүртэл хариу аваагүй байна. Ядаж өргөдлийн хариуд яагаад тусгай нислэгт багтахгүй байгаа шалтгааныг тайлбарлачих шаардлагатай байна" хэмээлээ.