Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Иргэдээ авчрах нислэгийг тогтмол үйлдэж байгаа ч нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн тоо буурахгүй байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсаас 12.712 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Өнгөрсөн хугацаанд бид 50 улсаас 17.211 хүнийг татаж авсан. Сүүлийн өдрүүдэд БНСУ-аас нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн тоо огцом нэмэгдсэн. Гэхдээ хүнд нөхцөлд байгаа хүнд шалтгаантай иргэдийн тоо харьцангуй буурсан. 

Гадаадад байгаа манай улсын иргэд, төрийн бус байгууллага, нэгдлүүд төр засагтаа болон гадаадад гацсан нөхцөл байдал нь хүндэрсэн иргэдэд туслалцаа дэмжлэг үзүүлж байна. Бидэнд ирүүлсэн мэдээллээр дэлхийн 10 бүс нутагт манай улсын иргэд нэг нэгэндээ хүнсний тусламж үзүүлэх, гэртээ байлгах, эх орондаа амны хаалт хандивлах аян зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсан. Үүнд талархаж буйгаа Гадаад харилцааны яамны зүгээс илэрхийлж байна" хэмээлээ.