Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн 38 үйлчилгээний хураамжийг ибаримт аппликэйшнээр төлөх шийдвэр гаргалаа. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийв.

Мэдээллийн үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ард иргэдэд учруулдаг хүнд суртал, чирэгдлийг бууруулах чиглэлээр Засгийн газар өнөөдөр чухал шийдвэр гаргалаа. Энэ нь юу вэ гэхээр иргэд төрийн үйлчилгээ, лавлагаа авахын тулд банкуудад очиж хураамж төлж цаг алддаг. 

Төрийн үйлчилгээ авахад хичнээн цаг зарцуулж байна вэ гэдгийг зарим газарт судалж үзсэн. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд Сангийн яамнаас гараад очиход нэг цаг зарцуулагдсан. Очоод бүртгэлээс үйлчилгээ авахад 5 минут болж байна. Харин төлбөрөө төлөхийн тулд банкинд очдог. Хамгийн ойрхон банкинд иргэн дансгүй бол заавал өөрийн данстай өөр банкинд очих шаардлага үүсдэг. Улмаар иргэн үйлчилгээний хураамж төлөхийн тулд, дээр нь төрийн байгууллагаас үйлчилгээ авсан болон ирэх, очихтойгоо нийлээд 2 цаг 40 минут орчмын хугацаа зарцуулж байна. Үүнийг өөрчилж, Ибаримт аппликэйшныг ашиглаад 3 минутын дотор бүх банкинд төлбөр, хураамжийг төлөх боломжийг бүрдүүлж байна.

Тухайлбал, Гадаад пасспорт захиалахын тулд иргэд гурван өөр дансанд мөнгө төлдөг. Харин одоо бүгд нэг төлбөр болж хийгдэх боломжтой.

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 16-наас эхлээд төрийн 38 үйлчилгээ лавлагааг энэ систем рүү шилжүүлж байна. Эхний ээлжид УБЕГ-ын үйлчилгээнүүдийг шилжүүлж байна.

Ерөнхий сайд энэ ондоо багтаад төрийн бүх байгууллагын үйлчилгээг энэ систем рүү шилжүүлэх үүрэг өгсөн. Улмаар иргэдэд хүнд сурталгүй, шуурхай үйлчилдэг болно. Энэ нь иргэдийн цагийг хэмнэхээс гадна түгжрэлд ч эерэгээр нөлөөлнө" хэмээлээ.

Харин УБЕГ-ын дарга Б.Баасандорж "Манай байгууллага иргэнийг төрснөөс нь авахуулаад нас эцэслэх хүртэлх 136 төрлийн бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрээс 38 нь Ибаримтаар төлбөрийг шийдэх систем рүү шилжиж байна. Тухайлбал, хамгийн их захиалга авдаг иргэний үнэмлэх, гадаад пасспорт, төрсний бүртгэл зэргийг шилжүүлсэн. 

Иргэн гадаад пасспорт захиалахын тулд банкинд 32500 төгрөг тушаадаг. Үүний тулд 2-3 цаг зарцуулаад дээр нь банк хоорондын шимтгэл гэж 2000-3000 төгрөг нэмж төлдөг. Энэ асуудлыг больж байна. Тиймээс иргэд хотын төв рүү орж банкны үйлчилгээ авахгүйгээр Ибаримт аппликейшнаар төлбөрөө төлөөд хороон дээрээ дээрх үйлчилгээнүүдийг авдаг боллоо. 

Мөн УБЕГ үйлчилгээний төлбөр бүрт ибаримт өгдөг болж байгаа. Иргэн 1000 төгрөгийн лавлагаа авсан ч ибаримт авч, сугалаанд оролцох боломжтой болж байна" гэдгийг онцлон хэллээ.