Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн.

Уг саналыг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувь санал нэгтэйгээр дэмжсэн.

Үүний дараа МАН-ын бүлэг Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэвшүүлэх Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн бөгөөд тус хуралдаан 70 гаруй хувийн ирцтэй байсан хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн.

Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас уг асуудлаар хуралдаж, үргэлжлүүлэн 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.

Өөрөөр хэлбэл Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох эсэхийг өнөөдөртөө багтаан шийдвэрлэнэ.