УИХ-ын 2021 оны хаврын чуулганыг өнөөдөр нээлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийн ихэнх нь шүүгч, шүүх засаглалын тухай байлаа.

Энэ талаар түүний хэлсэн үгийг хүргэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-аас 2020 оны намрын чуулганаар баталсан томоохон шинэтгэл бүхий эрх зүйн баримт бичиг нь шударга ёсны цангааг тайлах зорилгод чиглэсэн Шүүхийн багц хууль юм. Шударга, хараат бус шүүхтэй болох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санааг тууштай хэрэгжүүлж, хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээн хангах шүүхийн тогтолцоог төгөлдөршүүлэх нь энэ шинэтгэлийн зорилт юм.

Хууль энэ сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн. Гэтэл шүүхийн байгууллагуудын зарим ажилтны нэр холбогдсон шуугиан олон нийтийн дургүйцэл, бухимдлыг төрүүлж байна. Энэ нь нэг талаасаа шүүн таслах ажиллагааны хараат бус байдал алдагдсаны илрэл, шүүх цэвэрших үйл явц эхэлж буйн шинж гэж үзэж байна. Нөгөө талаас шүүхэд үнэхээр асуудал байна. Шүүгчид ёсзүйгээ сахиж, шударга ажиллаж чадахгүй байгаа нь үнэн байна. Шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлдөг юм байна гэсэн дүгнэлт олон нийтэд бүрэлдсэн байна. Ийм учраас шинэ хуульд шүүх засаглалын харааь бус байдлыг хангах, шүүхийн үйл ажиллагааг ил тод болгох, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох, шүүгчид хориглох зүйл, хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тодорхойлсон. 

Шүүх засаглалын нэр хүндийг шавартай хутгаж байгаа аливаа үйлдэлтэй эвлэрч хэрхэвч болохгүй. Хатуу хариуцлага тооцох ёстой. 

Нөгөө талаар хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг зөрчин эрүүдэн шүүдэг, хууль бусаар тагнаж, чагнадаг гэсэн шүүмж, түүнийг батлах эх сурвалж ил болж, түүнд хууль хүчний байгууллага, албан тушаалтнууд нэр холбогдож байгаа нь төрийн нэр хүндийг унагааж байна. Түүний нэг жишээ бол иргэн Б.Чимгээд холбогдох өмнө нь илэрсэн, шинээр илэрч буй нөхцөл байдал юм. Энэ асуудлыг эцэслэн нэг мөр шийдэх, шаардлагатай бол шинэ эрхзүйн орчныг бүрдүүлэх нь эрхзүйт төрийн үүрэг.

Энэ зуунд Монгол Улсын нэг ч хүн хилсээр хэлмэгдэх учиргүй. Хэрвээ хилсээр хэлмэгдэж байвал төр, эрх барих дээд байгууллагын хараа хяналтаас гадуур байх учиргүй. Тиймээс УИХ хууль батлахаас гадна үндсэн хуулиар олгогдсон үүрэг болох баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих, гүйцэтгэлийг шаардаж нэхэх, цаашид боловсронгуй болгох чиглэлд тасралтгүй ажилладаг байх учиртай. 

Тухайлбал, шүүхийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинээр бүрэлдэх Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч, гишүүдийг иргэдийн оролцоо, хяналт, нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд томилон ажиллуулах нь энэ удаагийн, энэ хаврын чуулганы нэг зорилт юм. 

Шүүх эрх мэдэлд үүссэн гажуудал, ёсзүйн үлгэрлэл манлайлалгүй, шүүгч засаглалын нэр хүндийг сэвтүүлэгч зарим шүүгчид одоо ажиллаж буй Шүүхийн ёсзүйн, Шүүхийн ерөнхий зөвлөл шуурхай хариуцлага тооцож ажиллахгүй, толгойг нь илж өөхшүүлэн хууль ёсыг уландаа гишгиж байгаа нь Шүүхийн хуулийг баталж, шударга ёсны хувьсгалыг хуулиар хэрэгжүүлэхээс өөр аргагүй байсныг улам бүр нотлон харуулж байна. Шинээр байгуулагдах Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд хэн нэг этгээдэд барьцаалагдахгүй, мэргэжил, ёсзүй, хуулийн шаардлага хангасан иргэдийг нэрээ дэвшүүлэн өрсөлдөөсэй гэж хүсэж байна. 

Нөгөө талаас Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний талыг нь нийт шүүгч дундаас нууц санал хураалтаар сонгохоор болсон нь шинэ шүүхийн хуулийн нэг онцлог зохицуулалт юм. Энэ сонголтод Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын аль нь оролцохгүй байхаар хуульчилсан. 

Шүүгчид өөрсдөө ардчиллын замаар шүүх эрх мэдлийнхээ эрүүл дархлааг сонгох энэхүү дотоод сонгуулийн ажилдаа идэвхтэй оролцож, нэр хүндтэй, мэргэжлийн ёсзүйтэй, туршлага мэдлэгтэй эрхэм чанараараа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээ сонгоорой. Энэ нь хуулиар олгогдсон нэг талаасаа эрх мэдэл, нөгөө талаасаа өндөр хариуцлага, шүүх засаглалын нэр хүндийн өргөх боломж юм. Шүүх эрх мэдэлд цус ойртож, төрөл садан, найзынхаа холбоосоор нэгнээ шүүгч болгодог, талцан бүлэглэх байдал байгааг тасдан зогсоох нь шинэчлэгдсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн үүрэг байх ёстой.

Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар хөл болж, захиалгаар ажилладаг "Хонгилын" гэх эзэнтэй шүүхийг нураах гэж Шүүхийн тухай хуулийг баталсан. Одоо энэ зорилт зөв шүүгчээ олж томилж чаддаг болох эсэхээс ихээхэн хамаарна. Иймд Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, бүх шатны шүүхүүд шүүгчдийн чуулганаа энэ хавар шударга, ардчилсан зарчмаар олон нийтийн өмнө нээлттэй зохион байгуулахыг хүсье" хэмээлээ.