УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгоход хариуцлагатай хандах ёстой. Үе үеийн нийгмийн даатгалд гарсан нэг том зөрчил бол нийгмийн даатгалын мөнгийн банкинд байршуулахдаа дундаас нь хүү цохисон асуудал юм. Уг нь 2003 онды Монгол Улсын Төрийн санг байгуулахдаа Нийгмийн даатгалын санг Төрийн сангийн бүрэлдэхүүнд байлгадаг байсан. 

Сүүлд нь энэ мөнгийг хүүтэй байлгах ёстой, банкинд эргэлдүүлэх ёстой гэж үзэн Төрийн сангаас салгаж авсан. Эцэст нь банкуудтай хувилдан тодорхой хүүгийн зөрүүтэй байршуулж, эрх мэдэлтнй хүмүүс дундаас нь хүү цохидог болсон. Төрийн сан дээр ч иймэрхүү асуудал гарсан байсан. Тиймээс шинээр томилогдож буй хүмүүс энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахгүй бол болохгүй" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар "Ц.Даваасүрэн гишүүний хэлсэн зүйл бол бодит байдал. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, нийгмийн даатгалын санд хулгай нүүрлэсэн. Нийгмийн бодлогын байнгын хороо шинэлэг байдлаар хандахгүй байна. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын сан дампуурч, тэтгэвэр нэмэгдэхэд хүргэж буй гол зүйл бол хуримтлуулсан мөнгө инфляциар элэгдэлд орсон. Улмаар инфляцийн түвшинтэй уялдуулж тэтгэвэр нэмэгдсэн. 

Зарлага нь нэмэгдээд орлогыг арвижуулах зүйл байхгүй, нийгмийн даатгалын шимтгэлийг энд тэнд хулгайгаар байршуулж хүү цохидог гэмт хэрэг нотлогдсон. Эрүүл мэндийн даатгалын сан ч ялгаагүй. Сангийн менежмент бүрэн алдагдсан. 

Санг хамгаалахын тулд УИХ, ажил олгогчдын холбоо, даатгуулагч, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлээс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг бүрдүүлдэг. Энэ хүмүүс нүд, чихээ таглаж суусан учраас Нийгмийн даатгалын санг ингэж эрсдэлд оруулсан. Өмнө нь томилогдсон тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой" гэдгийг онцлон хэллээ.

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох санал хураалтыг нэр дэвшигч тус бүрээр явуулахад нэр дэвшигч Э.Энхжаргал нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувийн, Л.Төр-Од 51.6 хувийн дэмжлэг авч, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдов. 

Харин нэр дэвшигч С.Эрдэнэбат, С.Жаргалсайхан, Х.Амгалан нар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадсангүй.