Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр Нийслэлийн прокурорын газраас Г.Сарангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүн хэлэлцлээ.

Шүүх Г.Сарангэрэлийг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрийн биедээ нууж хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Г.Сарангэрэлд холбогдох хэргийг тодруулбал, түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө бусад гурван иргэний хамт БНХАУ-аас Монгол Улс руу орж ирэхдээ хар тамхи, мансууруулах төрлийн бодис бэлэг эрхтэндээ нууж оруулж ирж байсныг цагдаагийнхан илрүүлэн баривчилсан юм. Тус хар тамхи, мансууруулах бодисыг бусдад зарж, борлуулах зорилгоор оруулж ирснийг нь мөн тогтоожээ.