Цаг үеийн асуудлаар Нийслэлийн онцгой байдал, ЗӨСҮТ, НМХГ, НЭМГ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "7 дугаар сарын 20-ныг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах 56 дуут цамхагаар үер усны аюулаас сэрэмжлүүлэх мэдээллийг өдөрт 4 удаа хүргэсэн. Иргэдийг усанд осолдохоос сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн голын дагуу Нийслэлийн онцгой байдал, Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар хамтран өдөр бүр 09.00-21.00 цаг хүртэл завьт болон хөдөгөөнт эргүүл ажиллуулж байна.

2020 он гарсаар нийслэлийн хэмжээнд усанд осолдсон 20 тохиолдол бүртгэгдсэн. Өчигдөр Туул голд нэг хүн осолдсоныг Нийслэлийн аврах ангийнхан гаргасан. Иргэд усанд осолдох эрсдэл, ялангуяа бага насны хүүхэд осолдох эрсдэл өндөр байна.

Хэрлэн голд эцэг эхтэйгээ байж байсан 11 настай хүүхэд осолдсон. Эцэг эхийнх нь хүсэлтээр эрэн хайх, аврах ажиллагааг долоо дахь өдрөө үргэлжлүүлж байна. Тэгэхээр усны болон ахуйн бусад осолд бага насны хүүхдүүдэд тавих эцэг эхийн хараа хяналт, хариуцлага маш чухал байна" гэдгийг онцлон анхаарууллаа.