Сэтгэл зүйч Г.Хулантай хүүхэд, гэр бүлийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр сүүлийн хэдэн жил энэ чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Москва хотын багшийн их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгсчээ.

-Фэйсбүүк дах ээжүүдийн групп дээр нэгэндээ асуудлаа хуваалцаж зөвлөгөө авах нь олон болсон. Энэ тал дээр сэтгэл зүйчийн хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Сэтгэгдлийг нь харж байхад сал, хэрэлд, наадах чинь даварна шүү гэсэн сэтгэл хөдлөлийн өнгө аястай үгс нэлээн бичсэн харагддаг. Мэдээж шууд иймэрхүү зөвлөгөөнд итгээд шийдвэр гаргадаг хүн байхгүй. Гэхдээ иймэрхүү үгс шууд бусаар хүний далд ухамсарт нөлөөлж л байдаг. Тиймээс хэн нэгэн хүний өөр дээрээ буулгаж өгсөн сэтгэл хөдлөл дээр тулгуурласан зөвлөгөөнөөс илүүтэй мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна. 

-Өөрт чинь ямар асуудлаар голдуу ханддаг вэ?

-Ихэвчлэн гэр бүлтэй эмэгтэйчүүд ханддаг. Ихэнх асуудлын гол шалтгаан нь үл ойлголцол.Тухайлбал нөхөр нь орой ажлаасаа ядарлаа гэсээр ирдэг. Харин эхнэр нь би хүүхдийг чинь хараад бас ядарч байна чи тэр ажлыг хий гэнэ. Үүнээс болж маргаан эхэлдэг. Ийм тохиолдолд бие биенийхээ оронд өөрийгөө тавиад үз хоорондоо ярилцаж ойлголцох хэрэгтэй гэж хосуудад зөвлөдөг. 

-Хосуудын хувьд хамт амьдрахад хамгийн хэцүү жил гэж бий юу?

-Залуу хосуудад эхний нэг жил хамгийн хэцүү байдаг. Учир нь анх болзож байсан шигээ сайхнаар төсөөлдөг учраас. Гэвч нэг гэрт амьдраад ирэхээр маш олон асуудалтай нүүр тулдаг. Залуу хосууд ихэвчлэн амьдрал ахуйдаа дарагдаад бие биедээ цаг зав гаргаж чаддаггүй. Гэхдээ энэ байдлаараа үргэлжилвэл хүүхдүүд нь өсч том болсон хойно ярих сэдэвгүй болж хөндийрдөг. Тиймээс заавал цаг зав гаргаж болзож байгаарай. Хүүхдээ харуулах хүнгүй тохиолдолд  гэртээ хамтдаа кино үзэж болно эсвэл өөр сонирхолтой зүйлс болно. 

-Хандаж байгаа хүмүүсийн ихэнх нь ямар асуудлаас болж харилцаагаа сэвтүүлж байна вэ?

-Залуу хүмүүс юм чинь хааяа гарч орох, найзуудтайгаа уулзах үе гаралгүй яахав. Гэртээ суудаг ээжүүдийн хувьд гэртээ уйддаг учраас нөхрөө байнга хамт байлгах гээд байдаг талтай. Харин эрчүүд ганц удаа гарах гэхээр “уялаа” гээд уурлаад гараад явчихдаг жишээг зөндөө сонссон. Үүн дээр л эхнэр нөхрүүд ухаалаг тохироо хийгээд сурчих хэрэгтэй. Жишээлбэл нөхөр нь найзуудтайгаа уулзахаар гарсан бол цаг болгон залгаж хүүхдээ асуусангүй гэж бухимдахын оронд орой 11-ээс өмнө гэртээ ирнэ гэж тохиролцох аргыг туршаад үз. Харин үүнийг зөрчвөл хэд хоног оройн хоолоо хийнэ гэх мэтээр тохирч болно.

-Асуудал хүндэрч хэрүүл маргаандаа тулах үед яаж ухаалаг зөв шийдвэр гаргах ёстой вэ?

-Хэрүүл хэзээ ч асуудлыг шийдэхэд чиглэдэггүй. Зөвхөн бие биеэ дийлэх зорилготой учраас эцсийн эцэст хэн нь ч ялдаггүй. Хэн хэндээ бууж өгөхгүй гэж хэрэлдэж маргаснаар бүр ч том “гал манарааж” хэзээ ч мартахааргүй хатуу үгсийг хэлж орхих нь энүүхэнд. Ямар ч хүн уур хилэн намжиж тайвширсны дараа ярилцах нь илүү үр дүнтэй. Тиймээс ам зөрөх гээд байвал аль нэгэн дуугаа хураачихаж болно. Нилээн хэдэн цагийн дараа эсвэл маргааш өдөр нь тайван ярилцвал зөв шийд гаргадаг.

Мөн нэг зүйл нэмж хэлэхэд таны нөхөр, эхнэр бодол уншигч, зөн билэгч биш шүү. Юу таалагддаг бас таалагддаггүй гэдгээ хайртай хүндээ хэлж ойлгуул. Зарим тохиолдолд магадгүй тэр танд өөрийнхөө бодлыг буруу илэрхийлсэн ч байж болно. Тиймээс ойлгоогүй зүйлсээ заавал асууж тодруулж байгаарай.

-Гэртээ сууж байгаа ээжүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Хэчнээн гэртээ сууж байгаа ч өөрийгөө өнгөлөн тордоход зориулж цаг зав гаргаж, дуртай зүйлийг хийж байгаарай. Нөхөртөө бас цаг зав гаргаж өгөхөө мартуузай. 

-Тэгвэл хүүхэдтэйгээ учраа олохгүй байгаа орчин цагийн ээж аавуудад юу гэж зөвлөх вэ?

-Хүүхдийн нас насанд өөр л дөө. Магадгүй хүүхэд чинь цэцэрлэгт явахгүй, хувцасаа өмсөхгүй гэж уйлдаг бол самбарын аргыг туршаад үзээрэй. Гадагшаа гарахын тулд өмсөх хувцасны дараалалыг нэг бүрчлэн хамт зураад гадаа гарах болгондоо миний хүү энэ дарааллаараа өмсөнө шүү гэж тохироод гэрийнхээ аль нэг газар наагаарай. Хүүхэд тань тэр самбараа харж байгаад өөрөө дуртай хувцасладаг болно. 

Гэр бүлийн амьдралаа нэгэн хэвийн уйтгартай хэмнэлтэй болгохгүйн тулд гэр бүлээрээ хамтдаа хийх зүйлсийг сар бүр хурлаараа төлөвлөж батлаарай.

Арай том болчихсон хүүхдийг энэ аргаар ажилд сургаж болно. Самбар гаргаад хүүхдийнхээ хийх ёстой зүйлсийг хүүхэдтэйгээ хамт хийх зүйлсийг бичээд тавьчих. Хэсэг хугацааны дараа хамт хийх зүйлсээ багасгаарай. Жишээлбэл хүүхэд хог шүүрдэж сурч байгаа бол зааж өг. Хэсэг хугацааны дараа таны туслалцаагүйгээр хийж чаддаг болохоор нь хүүхэд өөрөө хийх хэсэг рүү шилжүүлнэ. Гэртээ гэр бүлийн хурал хийж өөрсдийнхөө дүрмийг хамтдаа ярилцаж батлаарай. Хэрвээ дүрмээ зөрчвөл ямар шийтгэлтэй болохоо мөн оруулж өгч болно шүү дээ. Гол нь заавал тэр дүрмийг гэр бүлээрээ мөрдөх хэрэгтэй шүү.

-Хүүхдийн зан характерийг эвдэхгүйн тулд юу хийх ёстой юм бол?

-Зарим хүмүүс би хүүхдээ өөрийн эрхгүй загнаж гомдоочихоод байна гэдэг юм. Эдгээр эцэг эхчүүд хүүхдээсээ уучлалт гуйхгүйгээр мартуулчихсан гэж дотроо боддог. Гэтэл хүүхэд мартдаггүй, зүрх сэтгэлдээ тэр гомдлыг тээсээр сүүлдээ эцэг эхтэйгээ харилцах харилцаанд ан цав үүсгэдэг талтай.

Тиймээс хүүхдээсээ уучлалт гуйж сураарай. Магадгүй хэлж чадахгүй бол уучлалт хүссэн эсвэл талархсан зурвасыг үлдээх нь хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа хийж байгаа том хөрөнгө оруулалт юм шүү.

-Өсвөр насны хүүхдүүд сүүлийн үед амиа хорлох нь ихэслээ. Сэтгэл судлаачийн хувьд шалтгаан нь юу гэж хардаг вэ?

-Өөрийгөө ч бусдыг ч ойлгохгүй яваа өсвөр насанд нь эцэг эхчүүдийн дэмжлэг хамгийн чухал байдаг. Ялангуяа ахлах ангийн хүүхдүүдийн хувьд найзуудаа алдахаас, ирээдүйд хэн болох вэ гээд асуулт дүүрэн явдаг. Анхны үерхэл, шохоорхол эхэлж байхад нь эцэг эхчүүд чиний төлөө л ажиллаж амьдарч байна гээд дээрээс харьцаад эхэлвэл хүүхэд хүйтэн хөндий болчихдог. Яг энэ үед эцэг эх нь найз шиг дотно харьцвал аяндаа итгэлцэл үүсч нээлттэй харилцана.

Ийм харилцаа үүсгээгүйгээс болоод хүүхдүүд буруу хүмүүстэй нөхөрлөчихдөг талтай. Хэрвээ хэн ч түүнийг ойлгохгүй яваад байвал сэтгэл гутралд орж өөрийнхөө амийг хорлох талаар бодож эхэлдэг. Энэ үед хүүхдэдээ үглэхийн оронд дотно найз шиг нь харьцаарай. Үглэх тусам хүүхэд тань таниас холдсоор л байх болно. 

-Тэгвэл энэ үед нь ямар арга хэрэглэж хүүхэдтэйгээ дотно нөхөрлөх ёстой вэ?

-Гэнэтхэн л алив ямар асуудал байна гэвэл хүүхэд чинь сэтгэл зүйн хувьд хаалт хийнэ, танаас дөлнө. Тиймээс бага багаар хүүхдэдээ ойрт.  Хүүхэдтэйгээ хамт гадуур явж дуртай хоолыг нь идэхдээ бага багаар ярилцаж дотносож итгэлийг нь олоорой.