Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тавдугаар сарын 11-ний өдрийн тушаалаар “фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидийг “Ахмад дайчин” цол тэмдгээр шагнажээ.

Шагналыг БХЯ-ны Газрын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Дайнд оролцогчдын холбооны тэргүүн, хурандаа Г.Лүндэн, Дундговь аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ш.Гансүх нар өнгөрөгч долоо хоногт Сайхан-Овоо суманд хөдөө гэрт нь очиж, хүндэтгэлтэйгээр гардуулан өгчээ.

Түүх сөхвөл Дэлхийн 2 дугаар дайн эхэлсэн эхний өдрөөс л Монгол улс ЗХУ-д сэтгэл санаа болон хүн, ардын аж ахуйн нөөц боломжин дээр тулгуурласан эд хөрөнгийн дэмжлэгийг удаа дараа үзүүлж байсан юм. Тус бэлгийн цуваануудын нэгт багтаж, эх орноо төлөөлөн хүргэж өгөх бүрэлдэхүүнд Сүрэнхорын Цэгмид хэмээх 19 настай малчин эмэгтэй багтаж, Монголын ард түмний чин сэтгэлийн илгээмжийг хүргэж өгсөн түүхтэй.

Өдгөө ард олондоо “Фронт Цэгмид” хэмээн алдаршсан буурай Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт энх тунх аж төрөн амьдран сууж байна.