Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын шигшээ багийн ялалтаар өндөрлөснөөр Францчууд баяраа тэмдэглэж, гудамж талбайдаа гаран дуу дуулж, наадан цэнгэжээ. Гэвч тус баяр нь эмх замбараагүй байдалд шилжиж, хоёр хүн нас барснаар өндөрлөжээ. 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эцсийн шүгэл дуугарсны дараа Парисын төв гудамжинд баяр тэмдэглэхээр хэдэн зуун хүн гарч иржээ. Тэднийг эмх цэгцэд оруулж, аюулгүй байдлыг хангахаар дөрвөн мянга гаруй цагдаа ажилласан байна. 

Гэвч удалгүй баяр наадам нь үймээн самуун болж хувирч, залуучууд дэлгүүрээс архи гаргаж, машинуудыг түлхэн өнхрүүлж эхэлжээ. 



Шөнө дунд цагдаагийн алба хаагчид хотын төвөөс ард иргэдийг холдуулахыг оролдсон боловч хүмүүс эсэргүүцэл үзүүлж, чулуу, архины шил зэргийг шидсэн учир цагдаа нар нулимс асгаруулагч, хийн буу зэргийг ашигласан байна.



Францын бусад хотуудад ч мөн адил үймээн үүсчээ. Тухайлбал, Фруаре хотод баярын үймээний үеэр мотоциклтэй хүн хоёр хүүхэд дайраад зугтсан хэрэг гарсан байна. Тус хүүхдүүд хүнд бэртэж, эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж. Харин Анси хотод тоглолт дууссаны дараа нэгэн залуу гүүрнээс суваг руу үсрэн хүзүүгээ хугалан нас барсан тохиолдол гарсан бол бас нэгэн хотод машин барьж явсан жолооч мод мөргөж амиа алдсан таагүй хэргүүд гарчээ.