Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэний шинжилгээ эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ.

Франц улсын иргэн Монгол улсад Москва-Улаанбаатарын нислэгээр гуравдугаар сарын 2-нд ирж зочид буудалд байж байгаад тэнд Дорноговийг зорьсон талаар өмнө нь ЭМЯ мэдээлж байсан юм.

Иймээс хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг шууд хааж ирэх даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглолоо. Иргэд айж сандралгүй, тайван байж, маскаа зүүн, гараа байнга угааж байгаарай гэж УОК анхааруулав.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

3 дугаар сарын 2-ны өдөр ирсэн иргэнээс коронавирусийн шинжилгээ хийхэд эерэг гарсан. Түүний шинжилгээг гадаад руу явуулна. Нэгдүгээр зэргийг хавьталтай 500 хүнийг эрэн хайж байна. 

Бид шөнө 2 цагаас хойш ажиллаж байна. Энэ хүн Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан юм. Эхний шинжилгээ сөрөг гарч байсан. Биеийн байдал нь харьцангуй тогтвортой байгааг бидэнд мэдэгдсэн. Мэргэжлийн баг тус аймгийг зориод байна. 

Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан: 

Коронавирус бүртгэгдсэн байх магадлалтай тул шуурхай арга хэмжээ авсан. Иймээс хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг шууд хааж ирэх даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглох шийдвэр гарлаа. Гэхдээ төмөр замын болон авто замын олон улсын урсгал хаагдаагүй болно.